Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА 2023-01

2023 оны 01 сарын 17

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагадаа болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх “Эрчим хүч хэмнэлтийн менежер” бэлтгэх 17, 18 дах удаагийн сургалтыг гэрээт байгууллага болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургууль 2022 оны 11, 12-р сард амжилттай зохион байгууллаа. Сургалтад 36 үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагын болон сайн дурын үндсэн дээр Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, Инвескор Проперти ХХК-ийн ажилтнууд, нийт 42 инженер, техникийн ажилтан хамрагдав.

Эдгээр суралцагчид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 50 цагийн (http://ecc.erc.gov.mn/mn/c/137) сургалтад хамрагдаж, эрх олгох 2 үе шаттай шалгалтад тэнцсэнээр эдгээр “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн хугацаагүй гэрчилгээ авах болзол хангасан ба гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор гардуулав.

Гэрчилгээ олгох үйл ажиллагааны үеэр Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал салбарын тулгамдсан асуудал болох эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг шийдвэрлэх нэг боломж нь эцсийн хэрэглэгчид дээрх эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах ажил гэдгийг танилцуулж, үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30%-ийг тус эх үүсвэрээс хангадаг бөгөөд хэрэглээ бага үед илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж байна. Төгсөгчид Хорооны эрчим хүчний хэмнэлттэй барилга болон дээвэр дээрх нарны цахилгаан эрчим хүчний эх үүсгүүртэй танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 377 эрх бүхий эрчим хүч хэмнэлтийн менежерүүд байгаа ба нийт үүрэг хүлээсэн аж, ахуйн нэгж байгууллагын 96%-д эрчим хүч хэмнэлтийн менежер ажиллаж байна: http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid.

Эрчим хүч хэмнэлтийн менежер нь байгууллагадаа эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах үндсэн үүрэгтэй ба дараах үйл ажиллагааны чиглэлийг мөрдлөг болгоно. Үүнд: 

  1. Байгууллагынхаа эрчим хүч хэрэглэдэг бүхий л тоног төхөөрөмж, машин механизмыг бүртгэх, тэдгээрийн эрчим хүчний хэрэглээг тодорхойлох буюу тоолууржуулах, хэрэглээг бүртгэх ажлыг зохион байгуулах;
  2. Байгууллагадаа эрчим хүчний аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, мөн хамтран ажиллах;
  3. Аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн өөрийн байгууллагын бизнес төлөвлөгөөнд уялдсан эрчим хүч хэмнэлтийн зорилго, зорилтыг удирдлагын оролцоотойгоор тодорхойлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
  4. Батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилийн эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, арга хэмжээг зохион байгуулах;
  5. Байгууллагын удирдлага, хэмнэлтийн баг болон инженер техникийн ажилтнуудад эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжилтийг хангахад зөвлөмж, чиглэл өгөх;
  6. Байгууллагын нийт ажилтнуудад эрчим хүчийг зохистой хэрэглэх, хэмнэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;
  7. Байгууллагын эрчим хүчний зохистой хэрэглээ, хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  8. Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ЭСКО байгууллагатай хамтран ажиллах тохиолдолд үр дүнг бүртгэх, баримтжуулах;
  9. Эрчим хүчний тухай хууль болон эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах;
  10. Байгууллагын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах.