Сургалт

Эрчим хүчний аудитор болон эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр

2020 оны 10 сарын 28

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын анхны хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан. 2020 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой сургалтын байгууллагын төлөөлөл, эрчим хүчний аудитор болон бусад мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажилласан. Үүний үр дүнд эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 01-ний 470 дугаар тогтоолоор баталсан.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Интегрейшн И-И компани, МУШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн багш нарыг 2016 оны 10 дугаар сард хичээл заах 54 сургагч багшийг дараах 3 чиглэлээр бэлтгэн, гэрчилгээ олгосон. Үүнд:

1. Үйлдвэрлэл болон үйлчилгээний эрчим хүч хэмнэлт

2. Олон нийтийн барилгын эрчим хүч хэмнэлт

3. Эрчим хүч хэмнэлтийн санхүү, эдийн засгийн шинжилгээ, тооцоолол

Сургалтын төлбөрийн хэмжээг сургалтын байгууллагаас тогтоодог бөгөөд төлбөрт сургагч багшийн цалин, сургалтын анги танхим, гарын авлага, тараах материал, эрх олгох шалгалт болон төгсөлтийн гэрчилгээний зардлууд багтдаг.

Сургалтын төгсгөлд Эрчим хүчний зохицуулах хорооноос томилсон шалгалтын комисс эрчим хүч хэмнэлтийн менежер эсхүл эрчим хүчний аудиторын эрх олгох шалгалтыг зохих журмын хүрээнд авч дүнг нэгтгэн гаргаж, шалгалтад тэнцсэн төгсөгчдөд Эрчим хүчний зохицуулах хорооноос гэрчилгээ олгодог.

Монгол улсын хэмжээнд ажиллаж буй эрх бүхий Эрчим хүчний аудиторууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/83,

Эрх бүхий Эрчим хүч хэмнэлтийн менежерүүд:http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid.

Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хууль, журам болон талаар дэлгэрэнгүй мэдээллэл: http://ecc.erc.gov.mn/mn/m/66.