Үйлчилгээ

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрх

2018 оны 12 сарын 24

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАС

8 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл

8.1.Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.

8.2.Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байна.

9 дүгээр зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрх

9.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      9.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

      9.1.2.эрчим хүч хэмнэлтийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах;

      9.1.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн талаар хийсэн ажлын жилийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулж авах;

      9.1.4.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэх;

      9.1.5.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох;

      9.1.6.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох;

      9.1.7.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх мэдээллийн систем бүрдүүлэх, энэ талаар нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах;

     9.1.8.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

     9.1.9.дараах журмыг боловсруулах ажлыг зохион байгуулах:

              9.1.9.а.энэ хуулийн 13.3, 13.4-т заасан үйл ажиллагаатай холбогдсон эрчим хүчний аудит хийх журам;

              9.1.9.б.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэхтэй холбоотой журам;

             9.1.9.в.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгохтой холбоотой журам;

            9.1.9.г.эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам;

           9.1.9.д.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөө, боловсруулах аргачлал, тайлагнах журам;

           9.1.9.е.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам;

           9.1.9.ж.холбогдох бусад дүрэм, журам.

   9.1.10.эрчим хүчний хэмнэлтийн бодлого, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газарт тайлагнах;

   9.1.11.эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээтэй холбогдон гарсан аливаа маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх.

9.2.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь энэ хуулийн 9.1.7, 9.1.8-д заасан бүрэн эрхийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.