Мэдээ, мэдээлэл

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН АЖЛЫГ ҮНЭЛЛЭЭ

2023 оны 05 сарын 17

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, төсөл арга хэмжээ, өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг жил бүр баталсан аргачлалын дагуу үнэлж дүгнэдэг.

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэлтэй 197 байгууллага байгаагийн барилга байгууламжийн ангиллын 74, эрчим хүч хэрэглэгч ангиллын 89, эрчим хүчний салбарын 34 байгууллага байна. Үүнд төсөвт буюу төрийн өмчит 48, хувийн хэвшлийн 26, уул уурхайн 25, хүнд үйлдвэрийн 15, хөнгөн үйлдвэрийн 16, хүнсний 19 байгууллага байгаа юм.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчид 2022 онд  5525.4 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч (үүнээс “Оюутолгой” ХХК-ийн импортолсон цахилгаан эрчим хүч 1392.8 сая.кВт.ц), 3320.3 мян.Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэжээ. Энэ нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн 20.3%-ийг эзэлж байна.

       

Үүрэг хүлээсэн хэрэглэгчид 2022 онд 947 нэр төрлийн төсөл, арга хэмжээг 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэн, 19.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 41.3 мянган Гкал дулааны эрчим хүч хэмнэх боломж бүрдүүлэн ажиллалаа. Энэ нь 10.8 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулсан үзүүлэлт юм.

Үнэлгээгээр 197 үүрэг хүлээсэн хэрэглэгчээс “Хангалттай сайн” үнэлгээтэй 38, “Сайн” үнэлгээтэй 105, “Дунд” үнэлгээтэй 22, “Хангалтгүй” үнэлгээтэй 22 үүрэг хүлээсэн хэрэглэгч байна.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн 2022 онд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, сайн туршлага, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, анхаарах асуудлын талаар хэлэлцэх, туршлага солилцох, шинэ технологи, цаашид авах хэмжээний талаар танилцуулах ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН-ийг 2023 оны 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн.  

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоолоор Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн баталснаар 160 гаруй Үүрэг хүлээсэн хүлээсэн хэрэглэгчийг шинээр бүртгэж, эрчим хүч хэмнэлтийн хууль тогтоомжийг мөрдүүлж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.