Эрчим хүчний салбарт үүсээд буй чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах, хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах зохицуулалтыг салбарын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх Эрчим хүчний сайдын 2023 оны 2 дугаар сарын 10-ны А/51 тоот тушаалаар тушаалаар батлагдсан хэрэгцээг удирдах арга хэмжээний удирдамжийн хүрээнд эрчим хүчний салбарын байгууллагууд холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах чиглэл өгсөн. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах, хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг байгуулж, салбар нэгжүүдийн төлөөллөө оролцуулсан хэмнэлтийн баг бүрдүүлэн ажиллаж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг” сэдэвт сургалтыг дэд ажлын хэсэг болон хэмнэлтийн багийн гишүүд, нийт 50 гаруй ажилтнуудад зориулан явууллаа. Сургалтаар эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль тогтоомж болон хэмнэлтийн талаарх олон улсын туршлага, хэрэглэгч талын менежментийг сайжруулах боломж, эрчим хүчний менежментийн тогтолцооны стандарт зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгөв.