Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний аудитор, аудитын байгууллагуудтай хийх уулзалтыг 2023 оны 01 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Хорооны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, эрх бүхий 70 гаруй эрчим хүчний аудиторууд болон аудитын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2023 оны 01 сарын 24-ны орой 1474 МВт хүрч дулааны цахилгаан станцууд нөөц тоноглолгүй ажиллаж улмаар ОХУ-аас 300 хүртэл МВт чадал авч оргил ачааллын үеийн хэрэглээг хангасан байна. Иймд эрчим хүчний хэмнэлтийг эрчимжүүлж үр дүнг сайжруулах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ ажлыг эрчимтэй далайцтай хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ, аудиторуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах хүрээ, чиглэлийг тодорхойлох зорилгоор өнөөдрийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний аудиторуудын холбоо НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд аудиторуудын оролцоотойгоор Хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний онцлог, зан төлөвийг судалж тодорхойлох, хэрэглэгч хэрэглээгээ зохицуулах замаар эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, цахилгааны хоногийн ачааллын хэлбэлзлийг бууруулах боломжийг тодорхойлох, Үүрэг хүлээсэн хэрэглэгчид үзүүлж буй аудитын үйлчилгээний үр дүнг сайжруулах, Эрчим хүчний хэмнэлтийг сурталчлан таниулах аяныг зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдлэг, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх юм.
Хороо нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийг бэлтгэх 24 удаагийн сургалтаар 114 эрчим хүчний аудитор, 377 эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэсний зэрэгцээ эрчим хүчний аудитын 14 байгууллага, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн 4 байгууллагыг тус тус магадлан итгэмжилж, эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээсэн 197 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Өнгөрсөн жил эрчим хүчний аудитор, аудитын байгууллагууд 40 орчим эрчим хүчний аудитын үйлчилгээг үүрэг хүлээсэн хэрэглэгчид хэрэгжүүлж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.