Мэдээ, мэдээлэл

ЭХЗХ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2022 оны 12 сарын 09

      “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд боловсролоор дамжуулан сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийн суралцагчдад эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх, зохистой хэрэглээний талаар мэдлэг, ойлголт өгөх, хичээлийн хөтөлбөрийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэрээнд гарын үсэг зурлаа. 

          Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдэд багаас нь хэмнэлтийн зөв дадал хэвшил олгох, хүүхдүүдээр дамжуулан эцэг, эх, улмаар нийгэмд нөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн боловсролын газартай “Хамтран ажиллах гэрээ”-г анх 2017 онд үзэглэж байсан билээ. 

        Хамтын ажиллагааны хүрээнд “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” сэдэвт нэгж хичээлийн 1-5 дугаар ангийн хөтөлбөр, багш нарт зориулсан арга зүйн зөвлөмжийг тус тус боловсруулан батлуулж, хичээлийг заах төрийн болон төрийн бус өмчит 241 сургуулийн 493 багшийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4076 бага ангийн багшид хичээлийн хөтөлбөрийг танилцуулж, 140 мянга орчим сурагчдад хичээлийг зааж эхэлсэн.

        Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас боловсруулах, түгээх, цахим контент бэлтгэх, туршлагатай багш нарын үзүүлэх хичээлийг дүрсжүүлэх, сургалтын танхим байгуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг хэрэгжүүлж жилийн урсгал зардлаа бодитоор хэмнэсэн эрчим хүчний хэмнэлттэй жишиг сургууль бий болгох зэрэг олон ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.