Мэдээ, мэдээлэл

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ БА ХЭМНЭЛТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022 оны 11 сарын 30

     Эрчим хүчний зохицуулах хороо санаачлан Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

     Улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь болсон Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ, нөөц, хүрэлцээний асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. 

        Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж, өнгөрсөн жилийн буюу 2021 оны системийн оргил ачаалал 1387 МВт, энэ оны 11 сарын хамгийн өндөр ачаалал 1441 МВт хүрч, цаашид уг хэрэглээний өсөлт хэвээр хадгалагдаж шинэ эх үүсвэр ашиглалтад ортол салбарын хэмжээнд хүндрэл үүсгэхээр байна.

       Монгол улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад нь хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардагдах юм. Энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж төсөл хэрэгжүүлж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал 3.7 нэгжээр буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах урьдчилсан тооцоо гарч байна. 

     “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнд салбарын мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлага, инженер, техникийн ажилтнуудаас гадна томоохон хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллага, хэрэглэгчдийн төлөөлөл оролцож байна. Тэдний 230 нь танхимаар оролцож, 400 нь цахимаар оролцсон. Тэд хамтдаа салбарын хүндрэл, гарц шийдлийн талаар мэдээлэл, санал солилцлоо.

 

         “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнөөр цаашид төрийн болон ТББ-ууд, мэргэжлийн холбоод, эрчим хүч дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зөвлөмжийг баталсан. Улмаар эрчим хүчний бодит хэмнэлт, ухаалаг тооцоог бий болгох замаар хүрэлцээг нэмэгдүүлэх зорилготой байна.

Үндсэн илтгэлүүдмйг энэхүү цахим сэтгүүлээс хүлээн авна уу.

http://online.anyflip.com/xmmfp/qhzg/mobile/?fbclid=IwAR2E6FqPLUdH4miuLHXnmp7BM8sGSHTtMMsZ25yQiBSbBKJev0XdX9HOOMI