Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 11 сарын 03

Хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас санаачлан 2019 оноос зохион байгуулж буй “Хамтдаа хөгжье!” уриатай 6 дах удаагийн эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцох уулзалтыг “Эрчим хүчний өгөгдөл мэдээлэл ба дүн шинжилгээ” сэдвээр танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгуулж нийт 25 эрчим хүч хэмнэлтийн менежер оролцлоо.

Тус сургалт, уулзалтыг 2022 оноос өргөжүүлж Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо НҮТББ-тай хамтран явуулахаар болсон нь төр, нийгмийн түншлэлийн нэг хэсэг болж байна.

Сургалтын эхний хэсэгт Эрчим хүчний аудитор Ж.Болдбаатар эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд (https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477&showType=1) заасан цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлтүүдийн талаар, тэдгээрийг хэмжих зөөврийн багаж хэрэгслүүдийг танилцуулж, хэмжилтийн үр дүнг хэрхэн ашиглах, чанарын үзүүлэлтүүдийн зохистой хэмжээг хянах тухайд зөвлөмж өгсөн юм.

 

Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдэд өгөх зөвлөмж:

  • Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээнд хяналт тавьдаг байх, дүн шинжилгээ хийдэг байх
  • Байгууллагад харьяалагдах цахилгаан тоног төхөөрөмжүүдийн судалгааг хийх
  • Үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус эрчим хүчний зарцуулалтыг ялгаж ангилах, дэд тоолууржуулалтыг хэрэгжүүлэх
  • Тодорхой давтамжтайгаар эрчим хүчний зарцуулалт, чанарын үзүүлэлтүүдийг хэмждэг байх, хэмжилтийн үр дүнд дүн шинжилгээ хийдэг байх

Удаах хэсэгт МУ-ын Зөвлөх инженер, Эрчим хүчний аудитор Ч.Өнөрцэцэг дэд тоолууржуулалт, түүний өгөгдөл, мэдээллийг ашиглах талаар, ачааллын менежментийг байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх тухай практик мэдлэг олгов.

 

Төгсгөл хэсэгт MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартыг Тэсо группийн Милко ХХК-д нэвтрүүлсэн, олон улсын TUV байгууллагаар баталгаажуулсан туршлагатай Эрчим хүч хэмнэлтийн менежер Б.Солонго өөрийн практик туршлагаас хуваалцав.

 

Энэхүү чадавхжуулах сургалт, туршлага солилцох уулзалт нь эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн практик мэдлэгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын сайн туршлагаа бусдадаа хуваалцах, хоорондоо танилцаж нэтворк үүсгэж, хамтдаа хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготой болно.