Мэдээ, мэдээлэл

НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО БА БОЛОМЖУУД (Цуврал мэдээ №2)

2022 оны 09 сарын 20

Японы JICA/ ЖАЙКА-ын Хоёр-үе шаттай зээлийн боломж

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж буй зээлийн төслийн хоёрдугаар үе шат нь 2011 оны 6-р сараас эхлэн хэрэгжиж байгаа ба дараах 2 чиглэлийг баримталж байна. Үүнд:

  1.      Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх
  2.      Байгаль, орчныг хамгаалах

Зээлийн төслийн зорилго:

  •          Ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих
  •          Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийг хөгжүүлэх
  •          Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах
  •          Төсөлд оролцогч банкууд болон ЖДҮ бизнес эрхлэгчдийг чадавхжуулах

Зээлдэгчдэд тавих дараах шалгуур, шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад 25.0-800.0 сая төгрөгтэй тэнцэх төгрөг/ ам.долларын зээлийг 3-10 жилийн хугацаатай 6% (төг)/ 4,93% (ам.д) хүүтэй гэрээт банкуудаар дамжуулан олгож байна.

Зээлдэгчдэд тавих шаардлага:

  •          Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх,
  •          Монгол талын хувийн өмч давамгайлсан (51%≤) байх,
  •          Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн (https://legalinfo.mn/mn/detail/14525) шаардлагыг хангасан байх,
  •          Зээлээр хэрэгжүүлэх төслийн санхүүгийн хөрөнгө оруулалтын дотоод өгөөж 13% ба түүнээс дээш байх,
  •          Зээлийн сайн түүхтэй байх,
  •          Төслийн нийт санхүүжилтийн 20%-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх,
  •          Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-т зааснаар багадаа 10 ихдээ 200 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая - 2.5 тэрбум борлуулалтын орлоготой бол ЖДҮ-д хамаарах боловч 7-р зүйлд заасан зарим үйл ажиллагааг эрхлэгч нь ЖДҮ-д хамаарахгүй болохыг анхаарна уу.

Төсөлд хамрагдахыг хүсвэл дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  1.      Төслөө боловсруулсан байх (төсөл хэрэгжих боломжийн судалгаа, хөрөнгө оруулалтн задаргаа, ашиг орлогын тооцоолол хийсэн байх),
  2.      Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон шаардлагатай тохиолдолд нарийвчилсан үнэлгээ хийсэн байх,
  3.      ЖДҮ-н тодорхойлолт авсан байх,
  4.      Банкнаас тавигдах бусад шаардлагууд.

 

Энэхүү төслийн зээлийн талаарх илүү дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг утсаар 11-325657 болон дараах гэрээт банкнуудаас авах боломжтой: Голомт банк, Хаан банк, ХасБанк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Капитрон банк.