Мэдээ, мэдээлэл

"ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР – АЛТЕРНАТИВ ЭРЧИМ ХҮЧ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААС ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА

2022 оны 05 сарын 13
Энэхүү хурлаар Монгол Улсын эрчим хүчний нөөц боломж, эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, хүрсэн түвшин, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг авч хэлэлцлээ. Аль ч улс эрчим хүчний талаар бодлогоо тодорхойлохдоо аюулгүй байдал, үр ашиг, эрчим хүчний хүртээмжтэй байдал, байгаль орчны тогтвортой байдал, үнэ тарифын боломжит байдал гэсэн үндсэн чиглэлүүдийг авч үздэг ба нийгэм эдийн засгийн хөгжлөөс хамааран тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байдаг.
Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг билээ.
Монгол Улсын эрчим хүчний салбар нь улс орноо эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. Гэсэн ч манай улсын үндэсний эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа техник, эдийн засгийн хувьд алдагдаад олон жил болж байна. Үүнийг тус салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, судлаачдын эрдэм шинжилгээний ажил, Эрчим хүчний үйлдвэрлэгчдийн ажиллагааны бодит байдал нотлон харуулж байна.
Дараах үндсэн шалтгаан бий болоод байна.
1) Эх үүсвэрийн чадлын дутагдал;
2) Тоног төхөөрөмжийг сольж чадалгүй он удаан жил ажиллуулж, насжилт нь хэтэрсэн;
3) Үнэ тарифыг бодит өртгөөс хэт доогуур тогтоож ирсэн зэрэг нь үндсэн шалтгаан болно.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, Монгол улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Бодлого хэрэгжсэнээр эрчим хүчний үүсгүүрүүдийн суурилагдсан хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм. Ийм ч учраас Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа Шинэ сэргэлтийн бодлогын нэг хамгийн чухал хэсэг нь Эрчим хүчний сэргэлтийн бодлого болж байгаа билээ.
Иймд одоогоор манайд үүсээд байгаа нөхцөлд эрчим хүчний бүх төрлийн хэрэглэгчиддээ хандаж УРИАЛАХ НЬ:
1. Шинээр барьж эхлээд байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй экологийн цэвэр эрчим хүчний үүсгүүр болоод зогсохгүй, харин ч Ховдын голын Шижигтийн хавцал хэмээх үзэсгэлэнт газар хүний гараар бүтсэн 24 км урт, 4 км өргөнтэй нэгэн сайхан гүн цэнхэр нууртай болж улам үзэсгэлэн төгөлдөр болохын зэрэгцээ эх орныхоо Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах төдийгүй Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрэлдэн тогтоход баруун бүс дэх нэгэн тулгуур болох юм. Иймээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулахад ямар нэгэн саад тотгор болохгүй байх;
2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх;
3. Эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээ цаг хугацааны хувьд нэгэн зэрэг явагддаг онцлогтой бөгөөд эрчим хүчний чадлын дутагдалтай нөхцөлд аль болох хоногийн оргил ачааллын үед (17.00-22.00 цаг) эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, түүнийгээ аль болох бага ачааллын (21.00-06.00) шилжүүлэхийн төлөө бүх түвшний хэрэглэгчид сэтгэл гарган оролцож чадлын дутагдлыг даван туулах, өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгахад туслах;
4. Олон жил дараалан эрчим хүчний үнэ тарифын зайлшгүй шаардлагатай өсөлтийг ард түмний аж байдалтай уялдаатай хазаарлан барьж ирснээр манай Эрчим хүчний салбар бүхэлдээ хүндрэлтэй байдалд орсон болохыг ойлгосны үндсэн дээр хүлээн зөвшөөрч эрчим хүчний үнийг индексжүүлэх, эрчим хүчний салбарын алдагдлыг багасгахыг дэмжиж, өөрийнхөө эрчим хүчний зардлыг бууруулан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг амьдрал ахуйдаа нэвтрүүлж хэвшихийг нийтэд УРИАЛЖ байна. Ингэснээр бид эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээнийхээ тодорхой хувийг хэмнэлтээс үүссэн эрчим хүчээрээ хангаснаар шинэ эх үүсвэр ашиглалтад ортол эрчим хүчний тасалдалд орохгүй байх боломж бүрдэнэ.