чим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол мэргэжилтнүүдийн нэг болох эрчим хүчний аудиторыг бэлтгэх сургалтыг гэрээт байгууллагууд болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль болон Барилга, Архитектурын сургуультай хамтран 2022 оны 2-3-р сард амжилттай зохион байгууллаа. Эрх олгох шалгалтад тэнцсэн нийт 52 төгсөгчид “Эрчим хүчний аудитор”-ын эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо албан ёсоор гардуулж өглөө.
Энэ өдөр эрчим хүчний аудиторын эрхийг гардуулсан Зохицуулагч Э.Түвшинчулуун “Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ үед эрчим хүчийг бодитоор хэмнэх, үр ашигтай хэрэглэх боломжуудыг тодорхойлох цаашид төсөл болгон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Энэ ажлыг хөдөлгөх гол хүч нь эрчим хүчний аудиторууд Та бүхэн бөгөөд ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандаарай” хэмээн онцлон хэлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 114 эрх бүхий эрчим хүчний аудиторууд (http://ecc.erc.gov.mn/mn/m/83) үйлдвэрлэл, үйлчилгээний болон барилгын чиглэлээр эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлж байна. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд аудиторууд нэгдэн магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага (http://ecc.erc.gov.mn/mn/m/auditing-organizations) байгуулан эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн зах зээл дээр ажиллаж байна.
Хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн эрчим хүчний аудитор нь ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх үндэслэлтэй, үнэн зөв мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.
2022 оны 5-р сарын байдлаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчний өндөр хэрэглээтэй 197 томоохон аж ахуйн нэгж, байгууллага “үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр (http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid) бүртгэгдсэн байна. Тэд хуульд заасан хугацаанд эрчим хүчний аудитыг хийлгэх ёстой. Аудитын зөвлөмжийг өөрийн нөөц боломжид тулгуурлан сонгон хэрэгжүүлснээр эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх улмаар эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд тухайн байгууллагад бий болох юм.