Мэдээ, мэдээлэл

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЭХЗХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022 оны 03 сарын 11

 Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон удирдах албаны хүмүүс Эрчим хүчний зохицуулах хороон дээр өнөөдөр хүрэлцэн ирж, тус байгууллагын үйл ажиллагаа, Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний биелэлт, сайн туршлагаас хуваалцсан юм. Энэхүү уулзалтыг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн үгэндээ “ Тэртээ 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэй байгуулагдаж Монгол улсад Стандартчилал, техникийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын удирдлагын баг, аймаг, нийслэл дэх харьяа газрын удирдлагууд Та бүхнийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид стандарт гэдгийг аливаа зүйлсийн хэм хэмжээ, зарчим, үзүүлэлтийг тогтоож, улс орны болон нийгмийн хөгжлийг хурдасгах гол түлхүүр гэж ойлгон бүх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг хичээдэг билээ... Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, тогтвортой, ногоон хөгжлийн зорилтыг Стандартчиллын нэгдсэн бодлогоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн байгууллага хоорондын сайн туршлагыг хуваалцах, үйл ажиллагааг уялдуулах зэрэг таатай нөхцөл Манай хоёр байгууллагын өнөөдрийн уулзалтаар бүрдэж байгааг онцлон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм. Энэхүү уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд Хорооны Хөгжлийн стратег  төлөвлөлтийн талаар мэдээлэл хийж, тэдний сонирохсон асуултад хариулсан байна.

Дашрамд дурьдахад Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагуудын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 6.1.2-т эрчим хүч хэмнэх, үр ашигтай зарцуулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, материал, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон эрчим хүч хэрэглэх машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ажил үйлчилгээнд мөрдөх норм батлах, стандарт батлуулах гэж заасан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос үйлдвэрлэл, хэрэглээний бүх түвшинд хэмнэлтийн зарчмыг хэрэгжүүлэхэд стандартчлалын асуудлыг чухалчлан авч үзэж байгаа бөгөөд олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулснаар эцсийн хэрэглэгчийн түвшинд үр ашиг, бүтээмж дээшлэх, менежмент, засаглалын хувьд ч өрсөлдөх чадвар сайжрах, үргүй зардал буурах зэрэг олон давуу талтай.  Иймд үндэсний хэмжээнд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр СХЗГ-тай нягт хамтран ажиллаж 2017-2021 оны хооронд дор дурдсан стандртыг нэвтрүүлээд байна.

Европын холбооны эрчим хүчний аудиын үйлчилгээтэй холбоотой EN 16247 багц стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулж аудитын үйл ажиллагаанд ашиглаж байна.

      -   Нэгдүгээр хэсэг. “Эрчим хүчний аудит, ерөнхий шаардлага”;

      -   Хоёрдугаар хэсэг. “Эрчим хүчний аудит, Барилга”;

      -  Гуравдугаар хэсэг. “Эрчим хүчний аудит, Үйлдвэр”;

       -  Тавдугаар хэсэг. “Эрчим хүчний аудитор, ЭХА-ын чадавх”

Олон улсын стандартын байгууллагаас батлан гаргасан Эрчим хүчний удирдлагын тогтолцооны бүлэг стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулав:

       -  ISO 50001:2019 Эрчим хүчний удирдлагын тогтолцоо, ерөнхий шаардлага;

       - ISO 50002:2014 Эрчим хүчний аудит хийх аргачлал түүнд тавигдах шаардлагууд;

       - ISO 50003:2014 Эрчим хүчний менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалт гүйцэтгэх байгууллагад тавих шаардлага;

       - ISO 50004:2014 Эрчим хүчний менежментийн тогтолцооны хэрэгжүүлэлт, хадгалалт, сайжруулалтын арга зүйн заавар;

       -  ISO 50006:2014 Эрчим хүчний суурь түвшин (ЭХСТ), эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэл т (ЭХГҮ)-ийг ашиглан  эрчим хүчний гүйцэтгэлийг хэмжих нь —Зарчим, арга зүйн заавар;

        -  ISO 50007:2017 Эрчим хүчний хэрэглэгчийн үйлчилгээг үнэлэх, сайжруулах арга зүйн заавар;

Олон улсын цахилгаан техникийн хорооноос батлан гаргасан эрчим хүчээр ажилладаг машин тоног төхөөрөмжийн үр ашгийг тодорхойлох багц стандартуудыг Үндэсний стандарт болгон батлуулав.

        -  IEC 60034-2-1:2014 Эргэлдэгч цахилгаан машин 2-1-р хэсэг: Туршилтаас алдагдал болон А.Ү.К-ийг тодорхойлох стандарт аргууд (зүтгүүрийн машины хөдөлгүүрийг оруулаагүй болно);

        -  IEC 60034-30-1:2014 Эргэлдэгч цахилгаан машин ;

        - 30-1-р хэсэг: Сүлжээнээс ажилладаг хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн А.Ү.К-ийн ангилал (IE код)

       -  IEC 60076-20: 2017 Хүчний трансформатор – Бүлэг 20: Эрчим хүчний үр ашиг;

       -   IEC 60076-8:1997 Хүчний трансформаторын гарын авлага.

Мөн түүнчлэн эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой болон Эрчим хүчний хэрэглээний ангилал зэрэглэл тогтоох, шошгожуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон улсын зарим стандартыг үндэсний болгон батлуулаад байна.

         - Ахуйн хэрэглээний зориулалттай хөргөгч хөлдөөгч, тэдгээрийн үр ашгийн үзүүлэлт, туршилт хийх аргууд IEC 62552-3:2015;

         -  Ахуйн хэрэглээний зориулалттай угаалгын машин, тэдгээрийн үр ашгийн үзүүлэлт, туршилт хийх аргууд , IEC 60456:2010;

         - Цахилгаан зуух буюу плитка, тэдгээрийн үр ашгийн үзүүлэлт, туршилт хийх аргууд IEC 60350-1;

         -  Европын холбооны EN 834 Дулааны эрчим хүчний зардал хуваарилах төхөөрөмж- Аллокаторын стандартыг орчуулан үндэсний болгон батлуулав.

Эрчим хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний түвшинг тодорхойлох, гэрчилгээ олгох, барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөх, гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мөн хамтран ажиллаж байна.