Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ард иргэдийн ногоон технологийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн өдөрлөг 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд “Блю Скай” зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи, Хас банк, Хаан банк, Төрийн банкаар хэрэгжүүлж буй “Ногоон зээл”-ийн талаар бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд танилцууллаа.
Эрчим хүчний зохицуулах хороо нь энэхүү уламжлалт өдөрлөг арга хэмжээнд 2018 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд энэ жилийн өдөрлөгт Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, эрчим хүч хэмнэх талаар илтгэл танилцуулан, “Ногоон технологийн дэмжлэг” хэлэлцүүлэгт оролцож бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Мөн тус Хорооноос гэр ахуйн цахилгаан бараа борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй хамтран эрчим хүчний хэрэглээний шошготой бараа бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.