Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭНД ИРГЭД ЯАЖ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ВЭ?

2019 оны 10 сарын 10

Эрчим хүчний салбарынхан 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлажээ.  Үүнийгээ эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. Тухайн салбартаа эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлж ухаалаг болгох нь тэдний үүрэг. Харин энэхүү ухаалаг эрчим хүчийг нэвтрүүлэхдээ иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллах вэ.

Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Тодруулбал, 2015 онд батлагдсан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд хэмнэлт хийсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулна хэмээх заалт байгаа талаар мэдээлэлгүй байгаа юм.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг энэ хуулийн 9.1.9.е, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна” гэж заасан байгаа юм.  Урамшууллын тогтолцоо хэрхэн хэрэгжиж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е-д заасан “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ыг боловсруулахад шаардлагатай суурь судалгааны ажлуудыг хийж журмын төслийн эхний хувилбарыг гаргаад байна. Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар тус журмын төслийг салбар хоорондын уялдааг ханган боловсруулах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан 2019 оны эхний хагаст багтаан дуусгахаар ажиллаж байна. Энэхүү урамшууллын механизмыг оновчтой, зөв хэрэгжүүлж эхлэх нь эрчим хүчний хэмнэлтийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болно гэж хариуллаа.

Харин иргэдэд зориулан хэмнэлтийн талаар мэдээлэл олгох бодлогын хүрээнд Монгол улсын хэмжээнд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг бүх Ерөнхий боловсролын сургуульд заахаар ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургалтаар дамжуулан хүүхдүүдийг эрчим хүчээ хэмнэх зөв дадал хэвшилд сургаж, улмаар нийгэмд нөлөөлөх зорилгоор хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” сэдэвт хичээлийн улс орон даяар явуулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор оруулахаар хөтөлбөрт оруулжээ.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд заасан “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэсэн нэр томьёо бий. Уг хуулийн 3.1.8-д Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг “эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж томьёолсон байдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд 65 мянга орчим төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 135 байгууллагыг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тодорхойлж эрчим хүчийг хэмнүүлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний нийлбэр нь улсын хэмжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчний 51 хувийг эзэлж байна. Эдгээр үүрэг хүлээсэн 135 хэрэглэгчид хуулийн дагуу эрчим хүч хэмнэж ажиллах, эрчим хүч хэмнэлтийн менежер ажиллуулах, эрчим хүчний аудит хийлгэх, жил бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гарган тайлагнах үүрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 98% нь эрчим хүчний хэмнэлт хариуцсан менежер томилон ажиллуулж байна. Мөн 58 үүрэг хүлээсэн хэрэглэгч өөрийн эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэж эрчим хүч хэмнэх хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлээд байгаагаа Зохицуулах хорооны мэргэжилтэн тайлбарлалаа.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх, эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор нийт 60 орчим уулзалт, зөвлөгөөн, сургалтыг ажлын хэсгээс зохион байгуулжээ.

Эрчим хүчийг хэмнэх энгийн аргууд

Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт ийм явцтай байгаа бол иргэд хэмнэлтэд хэрхэн хувь нэмрээ оруулж тэр ч байтугай урамшуулал авч болох вэ. Цахилгаан эрчим хүчийг хэмнэж болох энгийн аргуудыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас танилцуулсныг хүргэж байна.

Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.

-Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.

-Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байдаг.

-Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдагийг анхааралдаа ав.

-Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. 

-Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.