Сургалт

МУШУТИС-ИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

2020 оны 12 сарын 15

1959 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн ангийг нээснээр Барилга, Архитектурын Сургуулийн үндэс суурь тавигдсан ба өнөөдөр Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчин гэсэн 3 чиглэлээр инженерүүдийг бэлтгэдэг 181 профессор, багш ажилтантай бакалавр, магистр, доктор нийлсэн 4000 орчим оюутантай томоохон сургууль болтлоо өсөн дэвжжээ.

Тус сургуулийн эрхэм зорилго нь эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц шилдэг шинэ технологийг бүтээн бий болгох, дэлхийн олон их сургуулиуд болон эрдэмтэдтэй хамтран ажиллах, шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх чадвартай боловсон хүчин бэлтгэх, судалгаанд суурилсан тэргүүлэх бүрэлдэхүүн сургууль болон хөгжихөд оршино. Вэбсайт http://www.scea.edu.mn/

Барилга, Архитектурын сургуулийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв нь 2005 онд Шинжлэх ухаан, технологийн Их Сургуулийн (ШУТИС) харьяанд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд иргэд байгууллагад эрчим хүчний хэмнэлтийн тухай мэдлэгийг олгох, үнэлэх, сургалт зохион байгуулах гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус төвийн үндсэн зорилго нь барилгад эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийг сургалчлах, хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг практикт нэвтрүүлэх явдал юм. 

Багшлах бүрэлдэхүүний хувьд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн халаалт, агаар сэлгэлтийн мэргэжлийн багш нарт суурилсан боловсон хүчинтэй бөгөөд тэд ХБНГУ, БНЧУ, ОХУ, БНХАУ зэрэг улсуудад эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний аудитын чиглэлээр урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж, эрчим хүч хэмнэлтийн талаарх ном, сурах бичигт хамтран ажиллаж байсан туршлагатай. 

Тус төв ШУТИС-ийн 5-р байранд сургалт, судалгааны 250 м2 танхимтай бөгөөд нэг удаад 30 оюутан, суралцагч хичээллэх боломжтой. Дэргэдээ барилгын дулаан, физик, агаарын судалгааны итгэмжлэгдсэн лабораторитойгоос гадна ажилтнууд нь барилгын төдийгүй үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлтийн төслүүдэд ажиллаж байсан тул шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан. 

Тус байгууллага нь 2016 оны 11 дүгээр сараас хойш Эрчим хүчний зохицуулах хороотой "Сургалт явуулах гэрээ" байгуулан эрчим хүчний аудитор /барилга/ болон хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж байна.