Эрчим хүчний сургууль нь 1960 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарт эрдэм шинжилгээ, инженер технологийн үндэсний боловсон хүчин бэлтгэх гол төв бөгөөд 12 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулж байна. Мөн гадаадын их дээд сургуультай хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр улсын дипломтой төгсөх боломжийг олгодог.
МУШУТИС-ийн 2021 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтерпренёр их сургууль болох зорилтын хүрээнд тус сургууль нь дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшинд ойртсон бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулах замаар эрчим хүчний салбарт шинэ техник технологи нэвтрүүлэн мартериаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын технологийг боловсронгуй болгосноор сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдлийн хангасан чанартай, хөрвөх чадвар бүхий инженерүүдийш бэлтгэх эрхэм зорилготой.
2014 онд ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан профессорын багууд нэгдэн Цахилгаан инженерийн, Дулааны инженерийн, Цахилгаан техникийн салбаруудтай болсон ба өнөөдөр 150 багш, ажилтнуудтайгаас төрийн соёрхолт багш 3, гавъяат багш 5, ШУ-ны доктор 5, доктор 47, профессор 14, дэд профессор 20 багш ажиллаж байна.
Тус сургууль нь сургалт, эрдэм шинжилгээний зориулалттай 27 лаборатори, 6 кабинет, 7 лекцийн танхимтай ба Хэнтий аймагт сэргээгдэх эрчим хүч-үйлдвэр экологийн полигонтой. Түүнчлэн интернетийн сүлжээнд холбогдсон, өндөр үзүүлэлттэй компьютер техник хэрэгслээр хангагдсан танхим, АББ группээс хандивласан хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан станц, дэд станцын төхөөрөмжийн лабораторийг мэргэжил дээшлүүлэх сургалтад ашигладаг. Вэбсайт http://www.pes.edu.mn/
Тус байгууллага нь 2016 оны 11 дүгээр сараас хойш Эрчим хүчний зохицуулах хороотой "Сургалт явуулах гэрээ" байгуулан эрчим хүчний аудитор /үйлдвэрлэл/ болон хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж байна.