Мэдээ, мэдээлэл

Хүүхдүүд эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна

2019 оны 04 сарын 08

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд сурталчлах, таниулах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдад зориулан "Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж, бага ангийн сурагчдад зааж эхлээд байна.

Өнгөрсөн 2017 онд гэхэд нийтдээ 11 сургуулийн бага ангийн 323 багш, 12482 сурагч, 3000 орчим эцэг, эхэд эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаарх энэхүү сургалтад хамрагдаад байгаа юм. Энэ сарын 13-ны  өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6-р сургууль дээр "Өнгөөр урлахуй” өдөрлөг болж, тус сургуулийн 1-5-р ангийн 25 бүлгийн 1000 гаруй хүүхэд "Эрчим хүчний хэмнэлт” сэдвээр гар зургийн уралдаанд оролцож, "Эрчим хүч-зохистой хэрэглээ”  хичээлээр олж авсан мэдлэг, ур чадвараа сорьж, өрсөлдсөн байна. Бид тус сургуулийн 2 А ангийн багш О.Одончимэг болон зарим хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм.

 

СБД-ийн 6-р сургуулийн бага ангийн багш О.Одончимэг: ХҮҮХДҮҮДЭД ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ХИЧЭЭЛ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙГАА

-Та бол эрчим хүч хэмнэлтийн анхны сургагч багш нарын нэг. "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээл хүүхдүүдэд хэр их таалагдаж байна?

-Сургагч багшийн сургалтад 2 өдөр хамрагдсан. Энэ сургалтаас багш нар эрчим хүчний талаар илүү мэдлэг, мэдээлэл олж авч, эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлыг хүүхдүүд хэрхэн яаж тайлбарлаж таниулах, тэдэнд зөв амьдралын дадал зуршил суулгах тухай багагүй зүйл сурсан. Хичээлийнхээ нэгж хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцсан. Манай сургуулиас энэ сургалтад гурван багш хамрагдсан юм. Бид гурав сургалтын дараа бага ангийн 25 багштайгаа уулзаж, сургалтын хөтөлбөрөө танилцуулсан. Хүүхдүүдэд яаж илүү ойлгомжтой тайлбарлаж таниулах уу, 9 цагийн хичээлээ хэдийд орох уу гэх мэт асуудлуудаа сургалтын менежертэйгээ зөвлөсөн. Өнөөдрийн байдлаар манай сургуулийн бага ангийн 1000 гаруй хүүхэд "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлээ бүрэн үзэж дууссан. Хүүхдүүдэд эрчим хүч хэмнэлтийн хичээл маш их таалагдаж байгаа. Яагаад гэхээр хүүхдүүдийн өөрсдийнх нь амьдрал ахуйтай маш ойр, өдөр тутам, цаг мөч тутам хэрэглэж байгаа эрчим хүчний талаар мэдээллийг бүгд сонирхож байна.

-Танай сургуулийн хувьд хувьд "Эрчим хүчээ хэмнэцгээё” зургийн уралдаан зохион байгуулсан юм байна. Хүүхдүүд хэр идэвхитэй оролцсон бэ?

-"Өнгөөр урлахуй” гэж технологийн багш нар зохион байгуулдаг, манай сургуулийн брэнд ажлуудын нэг. Энэ жил Эрчим хүчний зохицуулах хорооноос "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдааныг зарласан. Тиймээс  "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт 9 цагийн хичээлээс олж авсан мэдлэгийг баталгаажуулах, хүүхдүүдийг энэхүү уралдаанд өргөнөөр хамруулах зорилгоор бага ангийн хүүхдүүдийнхээ дунд "Эрчим хүчээ хэмнэцгээе” гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд манай сургуулийн бага ангийн 1000 гаруй хүүхэд бараг бүгд оролцлоо. Хүүхдүүд маань эрчим хүч яаж үйлдвэрлэдэг, яаж бидэнд хүрдэг гэдгээс эхлээд яаж хэмнэх ёстой юм, хэмнэж чадвал ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг маш сайн ойлгосон нь тэдний зурсан зургуудаас харагдаж байна.

-Хүүхдүүдэд зааж байгаа "Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгсөн үү? Хэр хүлээж авч байна вэ?

-Манай сургуулийн хувьд эцэг эхчүүдэд зориулан хоёр сард нэг удаа зөвлөгөөт хичээлийг зохион байгуулдаг. Энэ үеэр эцэг эхчүүддээ "Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн талаар танилцуулсан. Зарим эцэг эхчүүд эрчим хүчний талаар маш сайн мэдээлэлтэй байдаг юм байна. Бүхий л эцэг эхчүүдэд хүүхдийн амьдралд хэрэгтэй, зөв дадал хэвшил олгох сургалтыг зохион байгуулж байгаад талархаж байгаа.

СБД-ийн 6-р сургуулийн 2А ангийн сурагч О.Гэрэлт-Од, Ц.Гоомарал, Ц.Цэлмэг: Манай ангийнхан бүгд эрчим хүчээ хэмнэхийг уриалж зураг зурсан.

Хүүхдүүд эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна

 -"Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээл нь гоё байна уу?

-Гоё

-Яг юу нь гоё байна вэ?

-Цахилгааныг яаж үйлдвэрлэдгийг мэдэж авсан. Нараар, салхиар бас нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг. Бас яаж хэмнэж болох вэ гэдгийг багштайгаа ярилцсан.

-Та нар яаж эрчим хүчээ яаж хэмнэж байгаа вэ?

-Ашиглахгүй байгаа гэрлээ унтрааж байгаа. Гар утсаа цэнэглээгүй үед цэнэглэгчнийхээ залгуурыг байнга салгаж сурсан. Хөргөгчөө удаан онгойлгохгүй байх хэрэгтэй. Тиймээс хөргөгчнөөс юу авахаа эхлээд бодох ёстой.

-Эрчим хүчээ хэмнэх нь ямар ашигтай билээ?

-Мөнгөө хэмнэнэ. Тогны мөнгө бага гарна. Бас агаараа цэвэр байлгахад хэрэгтэй.

-Эрчим хүчний хэмнэлт гар зургийн уралдаанд та гурав оролцсон уу?

-Оролцсон. Манай ангийнхан бүгд эрчим хүчээ хэмнэхийг уриалж зураг зурсан.

Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

 Хүүхдүүд эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна