Төрийн бус өмчийн сургуулийн багш нар "Эрчим хүч-зохистой хэрэглээ" сургалтад хамрагдлаа
2018 оны 12 сарын 19
Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарыг "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, менежментээр хангах, сургагч багшаар бэлтгэх сургалтыг Шинэ Монгол сургууль дээр 2018 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
Сургалтаар дараах асуудлуудыг таниулах, хэлэлцүүлэх, санал бодлыг нь сонсох ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд сургалтанд хамрагдаж буй багш нар эрчим хүчний хэмнэлтийн энэхүү сургалтаар олон зүйлийг мэдэж, сурч авлаа, амьдралд хэрэгтэй, сонирхолтой сургалт боллоо гэдгийг онцолж байсан юм.
- Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт;
- Эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэрлэл, хэмнэлт, үр ашиг;
- 1-5-р ангийн "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хөтөлбөрийн агуулга, арга зүйн тогтолцоо, дадлага ажил;
- "Эрчим хүчний үүсэл”, "Эрчим хүчний үйлдвэрлэл”, "Эрчим хүчний хэмнэлт” үзүүлэх хичээлүүдтэй танилцаж, хэлэлцүүлэг, заах арга зүйг сайжруулах дадлага ажил;
- Туршлага сургамж, цаашдын түгээн дэлгэрүүлэлтийн талаарх санал бодлоо солилцох;
Оролцогчид сургалтыг явуулсан багш нартаа талархаж байгаагаа илэрхийлээд, тус тусын сургуулийн багш нарт сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ хуваалцах, эрчим хүчний хэмнэлтийн хичээл заах арга зүйд сургах, сурагч, эцэг эхчүүдэд таниулах, сурталчлах, цааш нь түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 134 төрийн өмчийн сургуулийн 403 сургагч багш бэлтгэж, 2606 бага ангийн багш, 112569 сурагчид "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийг заах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд төрийн бус өмчийн сургуулиудад зааж эхэлснээр нийслэлийн хэмжээний 250 орчим ерөнхий боловсролын сургуулийн 140000 орчим сурагч энэхүү хичээлд хамрагдаж байгаа юм.