Мэдээ, мэдээлэл

"Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ" сургалт боллоо

2019 оны 04 сарын 08

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг заах, түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 50, 45, 48 дугаар сургуулиуд дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын 123 сургуулийн 1-5 дугаар ангийн 369 багш хамрагдсан юм.

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан 2017 оноос хойш хамтран ажиллаж байна.

“Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” сургалт боллоо

Хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд нийслэлийн 9 дүүргийн 11 сургуулийн 33 багшийг сонгон "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийн хөтөлбөр боловсруулан, уг хичээлийг заах арга зүйд сурган, "Сургагч багшийн батламж” гардуулсан билээ. Эдгээр батламж бүхий 33 багш нь "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг цааш нь түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэн, тус тусынхаа сургуулийн бага ангийн нийт 230 багшийг сургаж, 1-5 дугаар ангийн 6000 орчим сурагч, 300 орчим эцэг, эхэд заах ажлыг гүйцэтгэсэн.

 “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” сургалт боллоо

Хоёр тал "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг 2018 онд өргөжүүлэн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын 123 сургуулиас тус бүр гурван бага ангийн багшийг сонгон дээрх сургалтад хамруулж, батламж олгох ажлыг гүйцэтгэлээ.

 “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” сургалт боллоо

Сургалтаар дараах асуудлуудыг таниулах, хэлэлцүүлэх, санал бодлыг нь сонсох ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

 - Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт;

- Эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэрлэл, хэмнэлт, үр ашиг;

- 1-5-р ангийн "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хөтөлбөрийн агуулга, арга зүйн тогтолцоо, дадлага ажил;

- "Эрчим хүчний үүсэл”, "Эрчим хүчний үйлдвэрлэл”, "Эрчим хүчний хэмнэлт” үзүүлэх хичээлүүдтэй танилцаж, хэлэлцүүлэг, заах арга зүйг сайжруулах дадлага ажил;

- Туршлага сургамж, цаашдын түгээн дэлгэрүүлэлтийн талаарх санал бодлоо солилцох;

Сургалтад хамрагдсан багш нар эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг амьдралдаа дадал хэвшил болгосноор зардал мөнгөө бууруулах, байгаль орчны сөрөг нөлөөг багасгах, эрүүл мэндээ хамгаалах олон талын ач холбогдолтой байна, сургалт сонирхолтой, үр өгөөжтэй боллоо гэдгийг онцолж, сургалтыг явуулсан багш нартаа талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 Сургалтад хамрагдсан багш нар тус тусынхаа сургуулийн 1-5 дугаар ангийн багш нарт сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ хуваалцах, эрчим хүчний хэмнэлтийн хичээл заах арга зүйд сургах, сурагч, эцэг эхчүүдэд заах, таниулах, сурталчлах, цааш нь түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэхээр боллоо.