Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер гэсэн шинэ нэр томъёо, шинэ ажлын байр бий болсон. Эрчим хүчний зохицуулах хороо нь эдгээр шинэ ажлын байруудад ажиллах хүний нөөцийг сургах, дадлагажуулахад шаардлагатай сургалтын хөтөлбөрийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эрчим хүчний системийн үр ашиг” төсөлтэй хамтран боловсруулж, баталсан.
Уг сургалтын хөтөлбөрийн дагуу Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль, Барилга, Архитектурын сургуультай хамтран Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг 2017 оны 01-02 сарын хооронд зохион байгуулсан бөгөөд эрх олгох шалгалтад тэнцсэн төгсөгчдөд Эрчим хүчний аудиторын гэрчилгээг гардууллаа.
Ийнхүү Монгол улсын хэмжээнд анхны 44 Эрчим хүчний аудитор төрж, цаашид үйлдвэрлэлийн болон барилгын чиглэлээр эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлэх юм. Холбогдох хууль, журмын хүрээнд аудиторууд нэгдэн, Эрчим хүчний аудитын байгууллага байгуулж, магадлан итгэмжлэл авснаар хамтран ажиллах боломжтой.
Хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн Эрчим хүчний аудитор нь ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх үндэслэлтэй, үнэн зөв мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. Ирээдүйд тэд эрчим хүч хэмнэлт, үр ашиг болон түүний ач холбогдлыг үйлчлүүлэгчид ухуулан таниулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг түүчээлэн ажиллах юм.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол улсад эрчим хүчний өндөр хэрэглээтэй 110 орчим томоохон аж ахуйн нэгж, байгууллага "үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн бөгөөд тэд 2018 оны 06 сар хүртэл эрчим хүчний аудитор эсхүл аудитын байгууллагатай хамтран ажиллаж, эрчим хүчний хэрэглээндээ зөвлөмж, дүгнэлт гаргуулсан байх ёстой.