Мэдээ, мэдээлэл

Сургалтын менежерүүдэд танилцуулга хийлээ

2018 оны 12 сарын 19
Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын Газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сургалтын менежерүүдэд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр танилцуулга хийлээ.
Ц.Атаржаргал дарга эрчим хүч хэмнэлтийг хүүхдэд багаас нь сургаж хэвшүүлэх, тэднээр дамжуулан насанд хүрэгсдийн хандлагыг өөрчлөх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй арга болохыг онцолж байсан юм. Тэрээр Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай байгуулсан гэрээний хүрээнд  нийслэлийн БГД-ийн 47, Шинэ эрин, ХУД-ийн 41-р сургуулиудын эрчим хүчний хэрэглээнд аудит хийх,  эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хичээл заах, сургууль, багш нарыг тодорхойлох, заах хичээлийн агуулга, хөтөлбөрийг боловсруулах, хөтөлбөрийн дагуу заах хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд хичээлийн хөтөлбөр боловсруулах ажилд сургалтын менежерүүдийн оролцоо, мэргэжил арга зүйн зөвлөмж чухал байгаа талаар ярьж байлаа.
Энэхүү сургалт уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй бага ангийн сургалтын менежерүүд оролцсон бөгөөд цаашид бага насны хүүхдийн нас биений онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн зурагт хуудас, богино хэмжээний видео танилцуулга боловсруулах, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр цуврал сургалт, мэдээлэл өгч байх нь чухал гэж зөвлөж байсан юм.