Мэдээ, мэдээлэл

Эрчим хүч хэмнэлтийн анхны менежерүүдийг бэлтгэж эхэллээ

2019 оны 04 сарын 08
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер гэсэн шинэ нэр томъёо, шинэ ажлын байр бий болсон. Эрчим хүчний зохицуулах хороо нь эдгээр шинэ ажлын байруудад ажиллах хүний нөөцийг сургах, дадлагажуулахад шаардлагатай сургалтын хөтөлбөрийг  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрчим хүчний системийн үр ашиг” төсөл, ХБНГУ-ын Интегрэйшн И-И” ХХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран амжилттай боловсруулан баталж, уг хөтөлбөрийн дагуу хичээл заах сургагч багш нарыг бэлтгэн гаргасан билээ.

Эрчим хүч хэмнэлтийн анхны менежерүүдийг бэлтгэж эхэллээ

Тэдгээр сургагч багш нар нь эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажиллах анхны шавь нараа өнөөдрөөс эхлэн хөтөлбөрийн дагуу бэлтгэж эхэллээ. Эрчим хүч хэмнэлтийн менежерийн  энэхүү сургалт нь онол, дадлага хослон явагдах бөгөөд сургалтын төгсгөлд суралцагчид нь шалгалт өгч, төсөл хамгаалснаар "Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээ авч эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.                
Эрчим хүч хэмнэлтийн хуулинд заасны дагуу эрчим хүч хэмнэлтийн менежер нь Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтан байх бөгөөд эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

ШУТИС нь эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний үндсэн дээр зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр сургалт явуулах шаардлага хангасан сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнд  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, ХБНГУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, ШУТИС-ийн ректор П.Очирбат, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрчим хүчний үр ашиг” төслийн удирдагч Бёорн Валштедь болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний сургууль, Барилга архитектурын сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцож байна.