News

“УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

03/28/2023

 Жил бүрийн 3-р сарын 15-ны өдөр олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр тохиодог. Монгол Улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. 2023 оны хувьд энэ өдрийг “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад түлхүү ач холбогдол өгч, хэрэглэгчдэд мэдлэг ойлголт өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.

 

 “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээг ШӨХТГ, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууц, инноваци хөгжлийн төв хамтран зохион байгуулж оролцлоо.

 ЭХЗХ хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хэрэглээгээ хувиарлаж, оройн оргил ачааллын үед хөргөгч, хөлдөөгчөө түр салгах, цэнэглэж, хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодит хэмнэлт хийж, эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой.

 

          

Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдолыг иргэдэд нээлттэй өгсөн.