News

НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО БА БОЛОМЖУУД (цуврал мэдээ №1)

09/16/2022

Монгол улс Алсын хараа 2050, Урт хугацааны хөгжлийн бодлого (2020, https://legalinfo.mn/mn/detail?lawId=15406)-ын Ногоон хөгжил (6-р бүлэг) стратегидаа байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлж хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэх; усны нөөцийн хомсдолоос сэргийлэх; нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах; үүн дотроо эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх; хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зэрэг зорилтуудыг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгасан.

Дэлхийн олон улс орнууд нэгдсэн Парисын хэлэлцээрийн дагуу манай улс хүлэмжийн хийн одоо ялгаруулж буй түвшнийг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг амлалт авч, үндэсний хэмжээний зорилт тавин ажиллаж байна.

 

Дээрх ногоон хөгжлийн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдээс дурдвал:

  • ногоон санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй (Нэгдсэн Үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн тооцоолсноор Монгол Улсын ногоон хөрөнгө оруулалтын жилийн хэрэгцээ 690 сая- 1.03 тэрбум ам.доллар байна. Эх сурвалж: Ногоон таксономи)
  • ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилт (ногоон зээл олгох, ногоон бонд гаргах)-тэй холбоотой ойлголт дутмаг, өргөн дэлгэрээгүй,
  • дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, инновацыг хөгжүүлэх санхүүгийн чадвар сул,
  • байгаль орчинд ээлтэй төслийн талаарх олон нийтийн ойлголт дутмаг, энэ талаар тогтсон тодорхойлолт, мэдээлэл байхгүй гэх мэт.

Монгол Улсын ногоон хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ногоон ангилал, шалгуур тогтоох асуудлыг эн тэргүүнд шийдэх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь банк санхүү, бизнесийн байгууллагууд ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, зах зээл дээр ногоон бүтээгдэхүүнүүд шинээр бий болох, цаашлаад тэдгээрийг бүртгэлжүүлэх- хянах, улмаар ногоон статистик мэдээ боловсруулах боломж бүрдэнэ гэж Тогтвортой санхүүгийн хөгжлийн (ТоС) холбооноос дүгнэжээ.

НОГООН ТАСКОНОМИ

 Олон улсад мөрдөгдөж буй ногоон эдийн засгийн нийтлэг зарчим, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Монгол улсын ногоон таксономи” (http://toc.mn/post/116) баримт бичгийг 2019 оны 12-р сард Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагын бодлогын дэмжлэгтэйгээр буюу Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан байна.

“Ногоон таксономи гэдэг нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашиглана. Ногоон таксономи нь аль нэг салбараар хязгаарлагдахгүй, бизнесийн бүхий л салбарыг хамаарах шалгуур үзүүлэлт юм.”

Ногоон таксономи буюу ногоон төслийн тодорхойлолт, ангиллыг хэрэглээний зээл, байгууллагын санхүүжилт, төслийн санхүүжилт, жижиг дунд бизнесийн санхүүжилт, ногоон бонд, хувьцаа, даатгал, зээлийн баталгаа, тусламж, санхүүгийн зөвлөгөө өгөх болон техникийн туслах үйлчилгээ зэрэг олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэгслүүдэд суурь үзүүлэлт, тавих шаардлага болгон ашиглах боломжтой юм. Үүнээс гадна зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй оролцогч талууд (бодлого боловсруулагчид санхүүгийн байгууллагууд, бонд гаргагчид, бүх л салбарын бизнесийн байгууллагууд, баталгаажуулалтын байгууллагууд) мөн хэрэглэдэг.

Монгол улсын ногоон таксономийг дараах ерөнхий 8 чиглэлээр тодорхойлсон ба чиглэл бүрт хамаарах дэд ангилал, түүнд хамаарах технологийг нарийвчлан заасан. Үүнд:

  1.      Сэргээгдэх эрчим хүч (6 дэд ангиллын 10 технологи),
  2.      Бохирдол багатай эрчим хүч (4 дэд ангиллын 6 технологи),
  3.      Эрчим хүчний хэмнэлт (3 дэд ангиллын 9 технологи),
  4.      Ногоон барилга (3 дэд ангиллын 4 технологи),
  5.      Бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа (2 дэд ангиллын 5 технологи),
  6.      Тогтвортой ус, хаягдлын хэрэглээ (3 дэд ангиллын 7 технологи),
  7.      Тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал (3 дэд ангиллын 10 технологи),
  8.      Карбон бага ялгаруулдаг тээвэр (4 дэд ангиллын 7 технологи)

Аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчид, мөн төсөл хэрэгжүүлэгч нарын хувьд дараах болон бусад зориулалтаар олон улсад хэрэглэдэг. Тухайлбал:

  • Байгууллага, компанийн үйл ажиллагааны стратегид “ногоон” элементийг оруулах,
  • Ногоон технологитой холбоотой сонголтуудыг үнэлэх, харьцуулах, шийдвэр гаргах,
  • Ногоон төслүүд, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх,
  • Ногоон санхүүжилтийн төслүүдийн техникийн болон үр дүнгийн шаардлагуудыг илүү ойлгох, тодорхойлох зэрэгтэй холбоотой үйл ажиллагаанд зааварчилгаа байдлаар ашиглах,
  • Харилцагч, гол оролцогч талуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургах зэрэгт ашиглах гэх мэт.

Ногоон таксономи баримт бичгийн хэрэглээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд арилжааны банкнуудын оролцоо болон олон улсын байгууллагуудын сонирхол, хамтын ажиллагаа чухал юм.