News

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2022” ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

06/06/2023

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголын Скаутын Холбооноос жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хороо дэмжиж хамтран ажиллалаа.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, хүүхэд залуучуудын оролцооны байгууллагаас 9-11 дүгээр ангийн 91 хүүхдийг сонгон шалгаруулж, парламентын боловсрол, байгальд ээлтэй амьдрах хэв маяг, эрчим хүчний хэмнэлт сэдвүүдийн хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 6 сарын турш амжилттай зохион байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд хаалтын ажиллагаа хийлээ.

Зохион байгуулагч байгууллагууд болон Эрчим хүчний зохицуулах хорооноос боловсруулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага, нөлөөллийн ажлын удирдамжийн хүрээнд хөтөлбөрт оролцогч хүүхдүүд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн цахим хичээлд хамрагдаж, сонирхолтой зочидтой уулзалт ярилцлага өрнүүлж, уулзалт-аялалд хамрагдаж, амьдран буй газар, сургууль дээрээ олон төрлийн нөлөөллийн ажил, өдөрлөг зохион байгуулсан юм.

Нөлөөллийн ажлын хүрээнд эрчим хүчний хэрэглээндээ хэрхэн анхаардаг талаар танилцах уулзалтыг 114 байгууллагад зохион байгуулж, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн 170 мэдээллийн самбар бэлтгэн байршуулж, 5143 сурагч, багш, олон нийтийг эрчим хүчний сургалтад, 1926 хүүхдийг эрчим хүч судалгаанд хамруулсан. Хөтөлбөрт оролцогчид “Эрчим хүчээ хэмнэе” сошиал давлагаа өрнүүлж, сонирхолтой блог, мэдээ мэдээлэл, видео контентууд бэлтгэн цацсан нь хүүхдүүд өсвөр үеийнхний анхаарлыг татсан, танин мэдэхүйн болон нөлөөллийн өндөр ач холбогдолтой болсон юм. Өсвөр үеийнхэн хүүхдүүд эрчим хүчээ хэмнэх зөв дадал зуршилтай болж, хэмнэлтийн энгийн аргуудаас суралцан түүнийгээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхээс гадна гэр бүл, найз нөхдөө уриалж ажиллажээ.

Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд “Цахилгаан, дулааны хэрэглээ болон эрчим хүчний хэмнэлтийг дадал хэвшил болгох” асуудлыг Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэн, Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулах, хичээлийн агуулга, сурах бичигт тусгах, Ерөнхий боловсролын сургуулиудын хэмнэсэн эрчим хүчний зардлыг дараа жилийн эрчим хүч хэмнэх үйл ажиллагаанд нь зарцуулах боломжийг бүрдүүлж, төсвөөс нь танахгүй үлдээх шийдвэрийг гаргах, Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн сургалт, туршилт, тоглоом хосолсон мэдлэг мэдээлэл авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхдүүдэд зориулсан төв байгуулах, Багш, сурагчдын төлөөллөөс бүрдсэн “Эко клуб”-ыг бүх ерөнхий боловсролын сургуулиудад байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах тухай шийдвэрийг гаргах гэсэн асуудлуудыг дэвшүүлэн нэгдсэн чуулганаараа хэлэлцэж, Улсын Их хурлын даргын зөвлөх О.Номинчимэгт саналаа өргөн барьсан юм.

Монгол улсад төдийгүй дэлхий дахинаа анхаарал татаж буй эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг орон даяар таниулах, сурталчлах ажлыг амжилттай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд, сургагч багш нар, зохион байгуулагчид, эрчим хүчний салбарын байгууллагуудад талархал илэрхийлье.