News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН СУРГАЛТАД 1500 ОРЧИМ АЖИЛТАН ХАМРАГДЛАА

04/12/2023

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн тухай хүүхдүүдэд мэдлэг олгож, тэдэнд хэрэглээний зөв дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Хүүхдүүдээр дамжуулан найз нөхөд, эцэг эх, гэр бүлд нөлөөлж, эрчим хүчний хэмнэлттэй, зохистой хэрэглээг хүн бүрийн зуршил болгох юм. Хүүхдүүдийг эрчим хүчний хэмнэлтийн тухай мэдлэг, ойлголттой болгохын тулд юуны өмнө багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэж байна.

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүч хэмнэлтийн хууль эрх зүй, хэмнэх хэрэгцээ, шаардлага, хэмнэх энгийн аргуудын талаар нийт 5 удаагийн сургалт, танилцуулгыг танхимаар болон цахимаар зохион байгуулсан. Сургалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч, менежер зэрэг нийт 1500 орчим ажилтан хамрагдаад байна. 

  

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдаж эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар ойлголт мэдлэгтэй болсноор тус тусынхаа сургууль, цэцэрлэгт эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, багш, сурагч, хүүхдүүдэд хэмнэлт, үр ашгийг таниулах, хэвшүүлэх ажил эрчимжих юм.

Цаашид сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудад эрчим хүчний  зохистой хэрэглээний сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.