ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БОСГО ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
02/10/2023
Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэдэг нь эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан хэрэглээ бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж тодорхойлсон ба тэдгээр нь цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээдэг.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээсэн 197 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар сүүлийн 4 жилд нийт 294 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн тооцооллыг гаргаад байна.
Энэхүү эрчим хүчний хэмнэлтийг цаашид нэмэгдүүлэх замаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний чадлын дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөх боломжтой юм.