News

ЭХЗХ “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2022” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

11/08/2022

Энэ сарын 5-нд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Төрийн ордонд хийлээ.  

Тус хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна. “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтэд ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Тогтвортой хөгжил ба эрчим хүчний хэмнэлт” сэдвээр оролцогч хүүхдүүдэд мэдлэг олголоо. 

Энэ удаагийн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийт 91 сурагч хамрагдаж байгаа бөгөөд нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 77 сурагчийг сонгон шалгаруулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулж байна.

 

Энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эерэгээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэл бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан насанд хүрэгчид-хүүхдийн хооронд мэдээлэл солилцох, ойлголцох гүүр гэдгийг хөтөлбөрт оролцогчид онцолж байв.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохиогдож байна.