НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО БА БОЛОМЖУУД (Цуврал мэдээ №2)
09/20/2022
Японы JICA/ ЖАЙКА-ын Хоёр-үе шаттай зээлийн боломж
Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж буй зээлийн төслийн хоёрдугаар үе шат нь 2011 оны 6-р сараас эхлэн хэрэгжиж байгаа ба дараах 2 чиглэлийг баримталж байна. Үүнд:
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх
- Байгаль, орчныг хамгаалах
Зээлийн төслийн зорилго:
- Ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийг хөгжүүлэх
- Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах
- Төсөлд оролцогч банкууд болон ЖДҮ бизнес эрхлэгчдийг чадавхжуулах
Зээлдэгчдэд тавих дараах шалгуур, шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад 25.0-800.0 сая төгрөгтэй тэнцэх төгрөг/ ам.долларын зээлийг 3-10 жилийн хугацаатай 6% (төг)/ 4,93% (ам.д) хүүтэй гэрээт банкуудаар дамжуулан олгож байна.
Зээлдэгчдэд тавих шаардлага:
- Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх,
- Монгол талын хувийн өмч давамгайлсан (51%≤) байх,
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн (https://legalinfo.mn/mn/detail/14525) шаардлагыг хангасан байх,
- Зээлээр хэрэгжүүлэх төслийн санхүүгийн хөрөнгө оруулалтын дотоод өгөөж 13% ба түүнээс дээш байх,
- Зээлийн сайн түүхтэй байх,
- Төслийн нийт санхүүжилтийн 20%-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх,
- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-т зааснаар багадаа 10 ихдээ 200 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая - 2.5 тэрбум борлуулалтын орлоготой бол ЖДҮ-д хамаарах боловч 7-р зүйлд заасан зарим үйл ажиллагааг эрхлэгч нь ЖДҮ-д хамаарахгүй болохыг анхаарна уу.
Төсөлд хамрагдахыг хүсвэл дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Төслөө боловсруулсан байх (төсөл хэрэгжих боломжийн судалгаа, хөрөнгө оруулалтн задаргаа, ашиг орлогын тооцоолол хийсэн байх),
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон шаардлагатай тохиолдолд нарийвчилсан үнэлгээ хийсэн байх,
- ЖДҮ-н тодорхойлолт авсан байх,
- Банкнаас тавигдах бусад шаардлагууд.
Энэхүү төслийн зээлийн талаарх илүү дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг утсаар 11-325657 болон дараах гэрээт банкнуудаас авах боломжтой: Голомт банк, Хаан банк, ХасБанк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Капитрон банк.