News

Training

06/13/2022

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөө  үзүүлж буй хүлэмжийн хийн ялгарлын 73 хувь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч буйг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын чуулган “COP-26” дээр онцолж, 2050 оны түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгохоор дэлхийн улс орнууд нэгдээд байна. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар дэлхийн улс орнууд сэргээгдэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, ашиглах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах, хэмнэлт гаргах үндсэн хоёр арга замаар бодлого, хөтөлбөрөө тодорхойлон хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү бодлогын хүрээнд Монгол улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Монгол улсын Эрчим хүчний яам төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд төслийг Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж Эрчим хүчний зохицуулах хороо дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд оролцогч талуудыг мэдээлэл зөвлөмжөөр хангахад чиглэсэн бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Баруун бүс, Хангайн бүс, Төв-Өмнөд бүс, Зүүн бүсүүдэд тус тус зохион байгуулж, 21 аймгийг бүрэн хамруулаад байна.

 

Бүсчилсэн сургалтаар БХБЯ, ЭХЗХ, ГИЗ-ийн төслөөс гадна ШУТИС-ийн судлаач, эрдэмтэн багш нар эрчим хүчний чиглэлээр болон, барилгынэрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэтэй холбоотой онол, практик хосолсон 2 өдрийн сургалтаар нийт 24 илтгэлийг танилцуулж сургалтад 21 аймгийн удирдлага, ЗДТГ, Аймгийн зохицуулах зөвлөлүүд, Барилга, хот байгуулалтын газар, МХГ, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон төр хувийн хэвшлийн 500 орчим төлөөлөл хамрагдлаа. Энэхүү сургалтаар танилцуулсан илтгэл, иж бүрэн мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хөгжүүлсэн https://leeap.erc.mn цахим сайтаас авах боломжтой юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Төслийн хаалтын уулзалт, семинарыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж арга хэмжээнд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, ГИЗ-ийн суурин төлөөлөлөгч Даниел Пассон нар оролцож нээлтийг үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн түүнчлэн Монгол улсын Эрчим хүчний яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос үндсэн түлхүүр илтгэлийг танилцуулсан бол, ГИЗ-ийн төслийн зүгээс төслийн удирдагч Дуня Хоффманн төслийн хүрсэн үр дүнг нэгтгэн танилцуулсан бол төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн менежерүүд тухайн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, жишээ туршлага,  цаашид анхаарах асуудал, боломж шийдлийг танилцуулснаараа илүү ач холбогдолтой боллоо.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 онд ДДНХБ-тай хамтран санаачилж эхлүүлсэн УБ хотын угсармал орон сууцыг дулаалах дулаан техникийн шинэчлэлийн төсөл дэмжигдэж, 2022 онд НАМА Фасилити сангаас 18 сая Еврогийн буцалтгүй тусламж авах эцсийн шийдвэр гараад байна. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид нийслэлийн орон сууцны 375 блок барилгыг 5 жилийн хугацаанд ЭСКО механизмаар хэрэгжүүлэх төслийг ГОУХАН, УБ хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийн ялгарлын 73 хувь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч буйг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын чуулган “COP-26” дээр онцолж, 2050 оны түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгохоор дэлхийн улс орнууд нэгдээд байна. Энэ хүрээнд Монгол Улс өөрийн бодлого хөтөлбөрөө тодорхойлон хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Хороо нь өнгөрсөн хугацаанд эрчим хүчний хэмнэлтийн хүний нөөцийг бэлтгэх 21 удаагийн сургалтаар эрчим хүчний 114 аудитор, эрчим хүч хэмнэлтийн 314 менежер бэлтгэхийн зэрэгцээ эрчим хүчний аудитын 14 байгууллага, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн 4 байгууллагыг тус тус магадлан итгэмжилж, эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээсэн 197 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн хэрэглэгчдэд зориулсан эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх үндэсний мэдээллийн цахим системийг үүсгэн хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургагчдад зориулсан "Эрчим хүчний зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийг нийслэлийн ерөнхий боловсролын 241 сургуулийн 1-5 ангийн нийт 140 мянган сурагчид зааж, сургалтын хөтөлбөрийг тогтмолжуулан ажиллаж байна.

Үүрэг хүлээсэн эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ 2015 онд 13.8 хувь байсан бол 2021 онд 12.7 хувь болж 1.1 нэгжээр, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2015 онд 15.1 хувь байсан бол 2021 онд 13.4 хувь болж 1.7 нэгжээр тус тус буурч үр ашгийн түвшин сайжирч байна. Мөн эрчим хүчний салбарын бус бусад үүрэг хүлээсэн 163 хэрэглэгч /төрийн өмчийн 48, оффис, худалдааны 26, хөнгөн хүнсний 34, хүнд үйлдвэрийн 16, үйлчилгээний 14, уул уурхайн 25/ Монгол улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж, 2018 онд 51.7 сая кВт.ц, 2019 онд 67.7 сая кВт.ц, 2020 онд 98.1 сая кВт.ц, 2021 онд 76.2 сая кВт.ц, өссөн дүнгээр сүүлийн 4 жилд 294 сая кВт.ц цахилгаан эрчим хүч буюу 49.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгожээ. Энэ нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын жилийн үйлдвэрлэл, эсхүл 95 мянган өрхийн цахилгааны жилийн хэрэглээтэй тэнцэх үзүүлэлт юм. Мөн агаар мандалд 217 мянган тонн хүлэмжийн хийг ялгаруулахаас сэргийлж чадсан нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүч хэмнэлтийн бодлогын оруулж буй хувь нэмэр юм.

Энэхүү бүсчилсэн сургалт, арга хэмжээний үр дүнд Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадавх бэхжих, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлага, ажил хариуцаж буй мэргэжилтнүүд бүрэн мэдээлэл авч цаашид орон нутагт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, бодит үр дүн гарна гэдгийг оролцогч, зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байсан юм.