News

ЦАХИЛГААН БАРАА ИМПОРТЛОГЧ, БОРЛУУЛАГЧ КОМПАНИУДЫН ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХҮҮДЭД ЗОРИУЛСАН АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

01/19/2022

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний зохистой хэрэглээг сурталчлах ажлын хүрээнд олон нийтэд эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, эрчим хүчний шошгын талаар таниулах, сурталчлах ажлыг цахилгаан бараа импортлогч, борлуулагч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022.01.14-ний өдөр Арена электроникс дэлгүүрийн худалдааны зөвлөхүүдэд зориулсан анхны цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад тус дэлгүүрийн 20 гаруй худалдааны зөвлөхүүд цахимаар оролцон эрчим хүчийг хэмнэх шаардлага, хэмнэлтийн хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжилт, эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журмын төсөл, худалдан авалт хийхдээ эрчим хүчний өндөр хэмнэлттэй шошготой бүтээгдэхүүн сонгосноор ямар ач холбогдолтой талаар мэдээлэл авч харилцан санал бодлоо солилцлоо.

Цахилгаан бараа импортлогч, борлуулагч компаниуд болон сургалтад хамрагдсан худалдааны зөвлөхүүд сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ цаашид худалдан авагч олон нийтэд түгээх сурталчлах ажлыг худалдааны танхимаараа дамжуулан хэрэгжүүлэх юм.