Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9.г, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөрийн 3.2.1-д тус тус заасан “Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам”-ыг мөрдүүлэхэд шаардлагатай суурь нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд тус эрчим хүчний хэрэглээний шошгын хэлбэр, хэмжээг тодорхойлон Монгол улсын үндэсний стандартад бүртгүүлэх зорилгоор стандартын төслийг боловсруулж холбогдох яам, агентлагийн эрдмийн болон мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн билээ. Энэхүү стандартыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн С/58 тушаалаар үндэсний стандартаар баталлаа.
Энэ стандарт нь эрчим хүчний хэрэглээний хураангуй мэдээллийг агуулсан баримт буюу шошго, түүний хэлбэр хэмжээ, загвар, өнгөний кодыг тодорхойлох болон эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд олгох шошгыг хэвлэх, олшруулахад хэрэглэх бөгөөд эрчим хүчний хэрэглээний шошгыг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, хязгаарлах, эрчим хүчний хэрэглээний үр ашиг бүхий цахилгаан барааны зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдан авагчдад баталгаат үнэн, зөв мэдээллийг хүргэх зэрэг ач холбогдолтой юм