News

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

05/31/2021

Эрчим хүчний зохицуулах хороо жил бүр Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн зөвлөгөөнийг ковидын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулан үүрэг хүлээсэн 141 байгууллагын 230 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнийг Зохицуулагч Э.Түвшинчулуун нээж, хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгарч буй коронавируст цар тахлын энэ онцгой нөхцөл байдал нь дэлхий даяар ажил амьдралын шинэ хэв маяг, дадалд хөтөлж, мэдээллийн технологид суурилсан, зайнаас харилцах, цахим хэлбэрт шилжих явцыг хурдасгаж өгсөн эерэг нөлөөллийг үзүүлж байгааг онцлон дурдаад эрчим хүчний салбарын мэдээлэл, ололт амжилт, үр дүнгийн талаар товч танилцуулан, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох санал санаачилгыг идэвхжүүлсэн, шинэ мэдээ, мэдээлэл сонссон, хамтын ажиллагааг бэхжүүлсэн, боломж шийдлийг тодорхойлсон, харилцан сайн туршлагаа солилцсон үр дүнтэй зөвлөгөөн болохыг хүсэн, оролцогч, илтгэгч нарт талархал илэрхийллээ.

Эрчим хүчний салбар 2020 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80.7%-ийг дотоодын эх үүсвэрээс, 19.3%-ийг импортын эрчим хүчээр хангасан байна. Дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 7.1 тэрбум кВт.ц болж өнгөрсөн оноос 2%‑аар өссөн ба нийт үйлдвэрлэсэн цахилгааны 90.9%‑ийг дулааны цахилгаан станцаар, 7.9%-ийг нар, салхины эх үүсвэрээр, 1.2%-ийг усан цахилгаан станцаар тус тус бүрдүүлсэн байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 10,705 мян.Гкал байсан нь өмнөх оноос 3.8%-аар өсжээ. 2020 онд 1,705.6 сая кВт.ц цахилгааныг импортолсон нь өмнөх онтой харьцуулахад 0.6%-аар өсжээ. Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хувьд эрчим хүчийг хэмнэх чиглэлээр 535 нэр төрлийн ажлыг 23 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж, 60 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлэн ажилласан байна.

Зөвлөгөөнөөр Эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль журмын хэрэгжилтийн байдал, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн 2020 онд эрчим хүч хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулан, техник технологи болон амжилттай хэрэгжүүлж буй шилдэг туршлагын тухай мэдээлэл хүргэлээ. ХАС банкны Ногоон зээлийн бүтээгдэхүүн, Цахилгаан хөдөлгүүрийн үр ашгийн үзүүлэлт, давтамж хувиргуур, конпенсаторыг сонгох, Дулаан тоолуурыг сонгох, суурилуулах, түүний ач холбогдлын тухай цаг үеэ олсон хэрэгтэй мэдээллийг агуулсан илтгэлүүдийг танилцууллаа.