News

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ, ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХАД ЗОРИУЛАН ИРГЭДЭД “НОГООН ЗЭЭЛ” ОЛГОЖ БАЙНА

11/01/2019

Монголын ногоон санхүүжилтийн корпораци байгуулах ажлын эхлэл болгон агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон технологи, төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид олгох ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/271 тоот тушаалаар Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хаан банк, Төрийн банк, Хас банктай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд иргэд цахилгаан халаагуур худалдан авах, байр сууцаа дулаалахад зориулан  дулаалгын материал худалдан авах, гэр хорооллын нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шийдэхэд нь зориулж 40 хүртэлх сая төгрөгийн жилийн 9 хувийн хүүтэй зээлийг олгох ажлыг эхлүүлээд байна. Харин Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй 100-аас дээш ор хоногийн хүчин чадалтай аж ахуйн нэгжид зориулж бага оврын ариун цэврийн байгууламж байгуулах, ногоон төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 200 хүртэлх сая төгрөгийн,  жилийн 9 хувийн хүүтэй зээлийг олгох боломж бүрджээ. Ногоон зээлийн олголтын явц буюу зээлдэгчдэд олгосон зээлийн тухай мэдээллийг банкуудтай байгуулсан гэрээний дагуу улирал бүр нэгтгэн дүгнэж, хяналт тавин ажиллах юм байна.

 Монголын Ногоон Санхүүгийн Корпораци(МНСК) байгуулах

төслийн товч танилцуулга

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахад хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог хангасан үндэсний санхүүгийн тогтвортой механизм бий болгох зорилгоор Монголын Ногоон Санхүүгийн Корпораци (МНСК)-ийг байгуулахаар ажиллаж байна.МНСК нь бага хүүтэй арилжааны санхүүжилтыг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлж, төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилго зорилтыг хангахад чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхойлж ногоон санхүүжилтийн шийдлүүдийг хүртээмжтэйгээр түгээдэг, бие даасан, үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага байхаар төлөвлөжээ.МНСК нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх бөгөөд энэ хүрээнд 15 жилийн хугацаанд 3,38 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, 2000 ногоон ажлын байр бий болгохын зэрэгцээ 123,500 хүн үр өгөөжийг нь шууд хүртэнэ гэж тооцоолсон байна.Дэлхийн уур амьсгалын ногоон сангаас 2018 онд төслийн нарийвчилсан судалгаа хийх, иж бүрэн төслийн санал боловсруулах санхүүжилтийг баталсан бөгөөд  тус хөрөнгө оруулалтын төслийн саналыг эцэслэн боловсруулж, Уур амьсгалын ногоон сангийн Нарийн бичгийн дарга нарын газарт 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлээд байна. Хөрөнгө оруулалтын төслийн саналыг тус сангийн Удирдах зөвлөлийн хурлаар 2020 оны 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.