News

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХООРОНД САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

10/10/2019

Эрчим хүчний зохицуулах хорооноос Монгол улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Пума империал" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

  Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорхооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Б.Амарсанаа, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажын албаны дарга Г.Эрхэмбаяр, холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монгол улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын дарга Ч.Мөнхбаяр нар болон тус банкны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

  Уулзалтаар Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга дарга Б.Ерэн-Өлзий Хөгжлийн банкны санхүүжилтээр "Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт”-ийг танилцуулсан бол, Хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Эрчим хүчний хэмнэлтийн талаарх хууль эрх зүйн орчин, хэмнэлтийн төслийг санхүүжүүлэх боломж, хамтран ажиллах” талаар илтгэл танилцуулсан юм.

  Эрчим хүчний зохицуулах хорооноос нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой, техник, эдийн засгийн хувьд боломжит төслүүдээс сонгон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр хэмнэлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, зээлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг тодорхойлох, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний аудитын дараах /ESCO/ төслүүдийг сонгон шалгаруулж, бусад ногоон зээлээс бага хүүтэй зээл олгох зохицуулалтыг бүрдүүлэх, цаашид төслийн үр дүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжигч, байгаль хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллага, сангаас хөрөнгө оруулалт татах боломжийг судалж хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх хүрээнд хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн бөгөөд Хөгжлийн банкны зүгээс хууль эрх зүй, зах зээл, зохицуулалтын орчин бүрдсэн нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, таатай орчинг бүрдүүлэх чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

  Цаашид Талууд хэлэлцсэн асуудлын хүрээнд Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, Хөгжлийн банкны гурван талт санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар хэлэлцэж тохирлоо.