News

ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

10/10/2019

Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хооронд 2017 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2019 онд хэрхэн хамтран ажиллах, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл, ажлын төлөвлөгөөгөө танилцуулах, санал солилцох уулзалт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр боллоо. Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Роман Брие, эрчим хүчний хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Цолмон, мэргэжилтэн Б.Батзаяа, Э.Баярмаа, А.Оюунчимэг нарын хүмүүс оролцсон юм.

  Уулзалтаар эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шингээлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, Олон улсын байгууллагын техникийн туслалцаа, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэн хэмнэлтийн ЭСКО төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд НАМА буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээний 6 дах сонгон шалгаруулалтад өргөн барихаар боловсруулсан төслийн талаар санал солилцсон бөгөөд төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нөхцлийг ханган хамтарч ажиллахаар хэлэлцэж тохирлоо.

  Дашрамд дурдахад Эрчим хүчний зохицуулах хороо болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын хамтын ажиллагаа улам бэхжиж, эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлж хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, инноваци, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг болохуйц санхүүгийн боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын товч танилцуулга болон хамтын ажиллагааны талаар дараах мэдээллийг танилцуулж байна.

1. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын тухай товч мэдээлэл:

  Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Нийт 28 гишүүн оронтой ба гишүүн орнуудынхаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтууд, Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллага юм. Байгаль орчинд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй эдийн засгийн ногоон өсөлтийг бий болгохын тулд тогтвортой эрчим хүч, ус, газар ашиглалт, ногоон хотын хөгжил зэрэг чиглэлээр гишүүн орнууддаа техникийн туслалцаа үзүүлэх, тэдгээр орнуудад уур амьсгалын дасан зохицох, даван туулах чадвар бүхий төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бодлогын зөвлөгөө өгөхөөс гадна ногоон хөрөнгө оруулалтын төслийн хөгжүүлэлтийг хэрэгжүүлэхэд олон улсын хэмжээнд ажилладаг.

  Тус байгууллага нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон ажлын байр, тогтвортой үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулсан ариун цэврийн байгууламж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг хөгжүүлэх, агаарын чанар, экосистемийн үйлчилгээний зохистой хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн стратегийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

  Засаглалын хувьд тус байгууллагыг Ерөнхий ассамблей болон Зөвлөл гэсэн хоёр үндсэн нэгж удирддаг бөгөөд Ерөнхий ассамблей нь удирдах дээд шатны бүтэц юм. Ассемблейн хурал 2 жил тутамд хуралдаж Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг батлах, зөвлөх, нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн тайлантай танилцах, стратеги, үйл ажиллагаа, санхүүжилтыг шийдвэрлэх, хамтран ажиллах түнш, олон улсын байгууллагуудыг удирдамжаар хангаж ажилладаг.

  Тус байгууллагын Ассамблейн удирдамж, бодлогын шийдвэрийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааг удирдах үндсэн чиг үүргийг Зөвлөл гүйцэтгэх бөгөөд Зөвлөл 17 гишүүнээс бүрддэг. Зөвлөлийн гишүүд 2 жилийн хугацаатай сонгогдох ба удирдах дээд албан тушаалтныг Ассемблейд нэр дэвшүүлэх, үйл ажиллагааны стратегийг батлах, жилийн ажлын хөтөлбөр, төсөв, үр дүнг хянах, үнэлэх, Зөвлөх хороо, дэд хороодын гишүүдийг батлах, гишүүн орнуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг батлах зэрэг үүрэгтэй.

  Ассамблейн тэргүүн, Зөвлөлийн даргаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Др.Бан Ги Мүүн ажиллаж байна.

2. Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын хамтын ажиллагаа:

  Монгол Улсын ногоон өсөлтийг дэмжих үндсэн зрилгоор Засгийн газрыг төлөөлөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр анх гарын үсэг зурж улмаар Монгол улс 2014 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын гишүүн орноор элссэн. Тус байгууллага нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах зорилтот хувь нэмэр, Ногоон хөгжлийн бодлогыг дэмжин салбарын яамд, агентлаг, орон нутгийн засаг захиргаатай үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг.

  Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 онд Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

  Мөн түүнчлэн байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хөгжүүлэх, ногоон хотыг өсөлтийг дэмжих чиглэлээр Барилга хот байгуулалтын яам болон Нийслэл Улаанбаатар хотын захиргаатай тус тус Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  2016 оноос хойш Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн Ногоон санхүүгийн корпораци байгуулан үндэсний санхүүжилийн эрүүл зөв механизм бүрдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллаж байна.

3. Тогтвортой эрчим хүчний хөгжил, Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • "Ногоон эрчим хүчний системийг хөгжүүлэх стратеги – 2035” төслийн хүрээнд ЭХЯ, бусад хэд хэдэн байгууллагаас бүрдсэн Зөвлөх хороо, дотоодын зөвлөх багийг бүрдүүлэн Монгол улсын эрчим хүчний хангамж, хэрэглээ 2035 он хүртэл хэрхэн хөгжихийг дэлгэрэнгүй харуулсан эрчим хүчний 4 сценарийг боловсруулж Монголын талд хүлээлгэж өгсөн.
  • Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлыг зохион байгуулахад Эрчим хүчний зохицуулах хороонд дэмжлэг үзүүлэн ажилласан. Энэ ажлын хүрээнд техникийн туслалцаа, суурь судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд хэрэгжилтийг хангахад ЭХЗХ-д дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Архангай, Булган, Ховд аймгийн төвийн төвлөрсөн дулаан хангамжийг сэргээгдэх эх үүсгүүрээс хангах, зэрэгцээ ажиллах нөхцөл байдлын үнэлгээ, судалгааг хийж тайланг хүлээн авсан.
  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр эрчим хүчний жишиг аудитын төслийг үүрэг хүлээсэн 15 аж ахуйн нэгж, байгууллага дээр олон улсын зөвлөх үйлчилгээний "Прайс Уотерхаус күүперс” компанийн эрчим хүчний аудиторууд 5 сарын хугацаанд хэрэгжүүлэн ажилласан бөгөөд энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах, жилдээ 259.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар 3 жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн СО¬2 /хүлэмжийн хий/ ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь эрчим хүч хэмнэх асар их нөөц байгааг харуулж байна.
  • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар 2018 оны 4 дүгээр сард Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэлдэхүүн БНХАУ-д томилолтоор ажиллаж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Хятадын үндэсний стандартын институт, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний төв, Эрчим хүчний хэмнэлтийн холбооны ЭСКО-ын хороо зэрэг эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын эрчим хүч хэмнэлт, үр ашгийн талаар сайн туршлагаас харилцан судлах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд 2018 оны 10 сард ЭХЗХ-нь бүх Хятадын үндэсний стандартын хүрээлэнтэй Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Эрчим хүч хэмнэлтийн үндэсний төвтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  • Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжаас алслагдмал дүүргийн бага оврын халаалтанд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжийг тодорхойлох техникийн судалгааг Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль дээр 2018 оны 5 сараас хойш хэрэгжүүлж байна.
  • АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторийн дэмжлэгээр "Эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах цэнэг хуримтлуурын шийдэл” сэдэвт семинарыг 2018 оны 11 сард Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид энэ чиглэлээр оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, хамтран ажиллах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

4. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас 2019-2020 онд Монгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөр, Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэээр хамтран ажиллах чиглэл:

  • Монгол улсын Засгийн газрын бодлогын хүрээнд тогтвортой эрчим хүч, ногоон хотын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, жишиг төслүүдийг хэрэгжүүлэх, судалгаа, зөвлөмж мэдээллээр хангах, олон улсын хөнгөлөлтэй санхүүжилтээр шинэ төслийг хэрэгжүүлэхийг дэмжих;
  • Монгол улсын ногоон хөгжлийг дэмжих сонирхолтой олон улсын донор байгууллагууд, ногоон сангуудаас хөрөнгө оруулалт татах гүүр байх;
  • Хувийн хэвшилтэй хамтран ажиллах шинэлэг түншлэлийн хэлбэрийг дэмжиж, барилга, аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, ногоон бонд босгох, сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 274 дүгээр тогтоолоор баталсан Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, инноваци, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг болохуйц санхүүгийн боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх;
  • Олон улсын байгууллагын техникийн туслалцаа, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэн эрчим хүчний жишиг аудит хийлгэсэн үүрэг хүлээсэн хрэглэгчдэд хэмнэлтийн загвар төслийг хэрэгжүүлэх, бодит хэмнэлт бий болгоход хамтарч ажиллах зэрэг болно.