News

БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

04/08/2019

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг барилгын салбарт эрчимжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо нь Барилгын хөгжлийн төвтэй хамтран Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг 2018 оны 10-р сараас 12-р сарын хооронд зохион байгууллаа.

  БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Энэхүү сургалтыг зохион байгуулахад Эрчим хүчний үр ашиг 3+ төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн бөгөөд суралцагчид эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээсэн улсын төсөвт 5 байгууллагад эрчим хүчний аудит хийж, тайлан боловсруулан, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгч, сургалтын үеэр олж авсан мэдлэгээ баталгаажуулсан юм.

Сургалтад хамрагдсан инженерүүдэд энэ долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооноос "Эрчим хүчний аудитор”-ын эрхийг албан ёсоор гардуулж өглөө. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бууруулах, түүний үр ашгийг дээшлүүлэх боломж бидэнд бүрэн дүүрэн бий. Энэ ажлыг түүчээлэх мэргэжилтнүүд нь эрчим хүчний аудиторууд та нар бөгөөд бидэнд хамтран хэрэгжүүлэх олон ажлууд бий” хэмээн хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 82 эрх бүхий эрчим хүчний аудиторууд ажиллаж байна. Үүнэий 47 нь үйлдвэрлэлийн, 35 нь барилгын эрчим хүчний аудитын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд 9 магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та http://erc.gov.mn/j12 линкээс авна уу.