News

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

04/08/2019

Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээсэн хэрэглэгчид харилцан туршлага, санал солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад зорилгоор үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлагын түвшний бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээж ажиллаж байгаа 135 байгууллагын 150 гаруй удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Энэхүү арга хэмжээг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн үгэндээ " Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуй нэгж байгууллага дээр ажиллах эрчим хүчний хэмнэлтийн менежерүүд, эрчим хүчний хэмнэлтийн аудиторуудыг бэлтгэн тодорхой үр дүнд хүрлээ. Монгол Улсад эрчим хүч хэмнэх бодлого, хууль эрх зүйн орчин цогц байдлаар бүрдэж байгаа. Цаашид тогтвортой нэгдсэн бодлогоор зөв хэрэгжүүлэх нь эрчим хүчний бодит хэмнэлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангахад нэгэн чухал хөшүүрэг болно. Хамгийн гол нь эрчим хүч хэмнэлтийн үр өгөөжийг шат бүртээ ойлгож, хэрэгжүүлж ажиллах нь чухал байна” хэмээн ярьсан юм.

Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн анхаарах асуудал сэдвээр танилцуулга хийсэн юм. Тэрээр "Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагуудын зарим удирдлага хэмнэлтийн талаар ойлголт муу байгаа учраас хөрөнгө мөнгө бага төлөвлөдөг, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгдөггүй зэргээс шалтгаалан гарах үр дүн муу байгааг анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн сануулж байлаа.

 ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бодлого судалгаа хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хосбаяр "Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавьлаа. Олон Улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс эрчим хүчний хэрэглээ өндөртэй улс орны тоонд ордог байна. Нийтдээ 20 гаруй үйлдвэрт үнэлгээ хийж үзэхэд монголчууд 1 ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бусад улс орнуудаас 7 дахин их эрчим хүч, 3-4 дахин их ус зарцуулдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Г.Хосбаяр "Байгальд ээлтэй эрчим хүчний нөөцийг хэмнэсэн, агаарын бохирдол бий болгохгүй, эрүүл мэндэд хор хохирол багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэх явц нь ч дээрх хөнөөлийг бий болгохгүй байхад анхаарах хэрэгтэй.

 ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Дэлхийн ихэнх орнууд эко бүтээгдэхүүний хэрэглээ хэрэгцээг нэмэхээр ажиллаж байгааг дуулгаад Монгол Улсын Засгийн газраас баталсан байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, Ногоон гэрчилгээ, Эко тэмдэг олгох 204 тоот тогтоолыг танилцуулсан юм.

Энэхүү уулзалтад оролцогчдод зориулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагаасаа хуваалцлаа. Тус үйлдвэрийн хувьд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсэнээр 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийгээд байгаа юм байна.

 ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Мөн энэ үеэр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа "Эрчим хүч хэмнэх цагийн менежмент” олон хүний анхаарлыг татаж байлаа. Тус үйлдвэрийн хувьд эрчим хүчний оргил ачааллын үед буюу цахилгааны үнэ тариф өндөр үед хрэглээгээ бууруулдаг. Мөн нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах эрчим хүчний хэрэглээг 8 хувиар багасгаж чаджээ. Тус үйлдвэр эрчим хүчний хэмнэлтээс гарсан мөнгийг бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нэмэгдүүлэх ажилд зарцуулж байгаа хэмээн Ерөнхий эрчим зүйч Б.Батсайхан ярьж байсан юм. Уулзалтад оролцогчид өөрсдийн сайн туршлага, эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэт техник технологийн талаар мэдээлэл солилцож, эрчим хүчний үр ашгийн мэргэжлийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Берлины Эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Кристоф Ланханкений танилцуулгыг сонссон юм.

 ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Ийнхүү эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлагын түвшний бизнес уулзалт амжилттай болж өнгөрлөө.