БАГШ НАР “АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
04/08/2019
Эрчим хүчний зохицуулах хороо нь Нийслэлийн Боловсролын газартай хамтран олон нийтэд эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар таниулах, сурталчлах ажлыг хэрэгжүүлж, энэхүү ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт хичээлийг заах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
"Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийг зааж байгаа багш нарыг эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцуулах, онолоор олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор өнөөдөр "Амгалангийн дулааны станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Аялал-сургалтад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй багш хамрагдаж, тус станцын үүсэл, үйл ажиллагааг харуулсан баримтат кино үзэж, үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Багш нар онолоор олж авсан мэдлэгээ бататгах, хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулахад өнөөдрийн аялал-сургалт чухал ач холбогдолтой болсныг онцлоод, арга хэмжээг зохион байгуулсан Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар, "Амгалангийн дулааны станц” ХХК-ийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.