Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг олон нийтэд таниулах сурталчлах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт хичээлийг 2017 оны 4 дүгээр сарын 5-наас эхлэн 9 дүүргийн сонгогдсон 11 сургуульд туршилтаар оруулж эхэлсэн.
ЭХЗХ-ноос уг хичээлийг зааж байгаа сонгогдсон 11 сургуулийн 26 багшийг "ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцуулах аялалыг 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Аялалд оролцсон багш нар станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж цахилгаан, дулааны эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж бий болгодог, энэ нь ямар олон шат дамжлага, олон хүний хүч хөдөлмөрөөр эцсийн хэрэглэгчдэд ирдэгийг ойлгож авсан юм. Багш нарыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулсан нь эргээд сурагчдад эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар үнэн зөв ойлголт өгөхөд чухал ач холбогдолтой болж байгаа юм.