News

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

12/19/2018
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг нар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

  Энэхүү санамж бичгээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлд үр ашигтай техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж барих болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох эрх зүйн тогтолцоог бий болгох зэрэг 11 чиглэлийн хүрээнд хамтран ажиллах юм.

   Уг үйл ажиллагааны үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол улс жилдээ 6 тэрбум кВт.ц орчим цахилгаан эрчим хүч хэрэглэдэг үүний 10-15 хувийг хэмнэхэд л дунд зэргийн цахилгаан станцын үйлдвэрлэлийн хэмжээний хэмнэлт гарна гэсэн үг. Иймээс бид хэмнэсэн цахилгаан эрчим хүчээрээ хэрэглээгээ хаах боломжтой, нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй юм. Өнөөдөр 3000 гаруй үйлдвэр аж ахуй нэгжийг нэгтгэсэн МҮХАҮТ-тай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хүүхэд багачуудын эрчим хүчний боловсролыг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэлтийн ухамсрыг төлөвшүүлэхийн тулд боловсролын салбартай хамтран ажиллана.” гэдгийг онцоллоо.