References

What are building heat loss and building heat demand?

12/16/2020

Хариулт: Барилгын дулааны алдагдал нь хаших хийцийн дулаан шилжүүлэлт буюу дамжуулалтаар алдах алдагдал, агаар нэвтрэлт, агаар сэлгэлтийн буюу конвекцийн алдагдал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Барилгын гадна хана, дээвэр, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр буюу цуллаг хэсгээр дулааны зонхилох хэсэг алдагдах бөгөөд үүнийг шилжүүлэлтийн алдагдал гэдэг. Тухайн барилгын байршил, хийц, гадаргуун талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь дулаан алдагдалд ихээр нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба энэ зөрүү болон барилгын хашлага хийцийн дулаан шилжүүлэх үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байна. Энэ үзүүлэлт нь тухайн материалын дулаан дамжуулалтын илтгэлцүүр λ[Вт/м0С]-ээр тодорхойлогдоно. Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцэд үүссэн ан цав, нүх сүвээр болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар хүйтэн гадна агаараар солигдон дулааны алдагдалд хүргэдэг.

Барилгын завсар зай, ан цаваар гадагшаа алдагдаж буй дулаан нь ихэнх тохиолдолд хаших хийцийн дулаан дамжуулалтын алдагдлаас их байдаг. Тиймээс барилгын битүүмжлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд, юуны түрүүн цонх, хаалгыг сайн битүүмжлэх нь чухал. Энэ хоёр төрлийн алдагдлыг бууруулах нь олон талын ашигтай бөгөөд ингэснээр дулааны алдагдлаас болж гардаг барилгын гэмтлээс (хөлрөлт, цанталтаас үүсэх гэмтэл г.м) урьдчилан сэргийлэх боломжтой. Жишээ нь өвлийн улиралд дулаалга сайн хийсэн барилгын ханын дотор гадаргуугийн температур нэмэгддэг ба энэ нь хөлрөлт үүсэх, норох, улмаар мөөгөнцөр ургах аюулыг багасгадаг сайн талтай.

Аль ч орны барилгын норм стандартад хаших бүтээцийн дулаан дамжуулалтыг хязгаарласан заалт байдаг. Сэрүүн бүсийн орнуудад дулаан дамжуулалтын үзүүлэлт нь маш бага байх бөгөөд дулаан тусгаарлалтын материалыг хаших бүтээцэд ашиглах замаар дээрх заалтыг хэрэгжүүлдэг. Манай орны хувьд дулаан дамжуулалтыг хаших хийц тус бүрээр дулаан дамжуулалтын эсэргүүцэл R буюу дулаан шилжүүлэлтийн илтгэлцүүрийн шаардлагатай хэмжээг тодорхойлох аргачлалыг “БНбД 23-02-09 Барилгын дулаан хамгаалалт” нормд зааж өгсөн байдаг. Энэ эсэргүүцлийн доод хэмжээг шаардлагат эсэргүүцлийн болон хөрвүүлсэн эсэргүүцлийн аргаар тодорхойлдог. Эсэргүүцлийн утга нь бүс нутаг бүрд халаалтын улирал үргэлжлэх хугацаанаас хамааран ялгаатай бөгөөд шаардлагатай эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүнийг дулаан шилжүүлэлтийн илтгэлцүүр гэнэ. Энэ илтгэлцүүрийг манай орон, ОХУ, баруун европын орнуудад К үсгээр, Их британи, Америк, Канадад U үсгээр тэмдэглэнэ. R илтгэлцүүр их байх тусам дулаан тусгаарлах чадвар өндөр байна.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.