Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2022 оны 06 сарын 28

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагадаа болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх “Эрчим хүч хэмнэлтийн менежер” бэлтгэх 16 дах удаагийн сургалтыг гэрээт байгууллага болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль 2022 оны 5-р сард амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад эрчим хүчний салбарын болон эрчим хүч хэрэглэгч ангиллын үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагын нийт 19 инженер, техникийн ажилтан хамрагдав.

Эдгээр суралцагчид эрх олгох 2 үе шаттай шалгалтад тэнцсэнээр эдгээр “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн хугацаагүй гэрчилгээ авах болзол хангасан ба гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор гардууллаа.

Төгсөгчид эрчим хүчний хэмнэлттэй Хорооны барилга болон нарны эрчим хүчний эх үүсвэртэй танилцлаа. Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 45-55%-ийг тус эх үүсвэрээс хангаж байгаа бөгөөд хэрэглээ бага үед буюу ажлын бус цагаар түгээх сүлжээнд илүүдэл эрчим хүчийг нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 335 эрх бүхий эрчим хүч хэмнэлтийн менежерүүд байгаа ба үүний 80% үүрэг хүлээсэн аж, ахуйн нэгж байгууллагад харьяалагдан ажиллаж байна: http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid.

Эрчим хүч хэмнэлтийн менежер нь байгууллагадаа эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах үндсэн үүрэгтэй ба дараах үйл ажиллагааны чиглэлийг мөрдлөг болгоно. Үүнд:

  1. Байгууллагынхаа эрчим хүч хэрэглэдэг бүхий л тоног төхөөрөмж, машин механизмыг бүртгэх, тэдгээрийн эрчим хүчний хэрэглээг тодорхойлох буюу тоолууржуулах, хэрэглээг бүртгэх ажлыг зохион байгуулах;
  2. Байгууллагадаа эрчим хүчний аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, мөн хамтран ажиллах;
  3. Аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн өөрийн байгууллагын бизнес төлөвлөгөөнд уялдсан эрчим хүч хэмнэлтийн зорилго, зорилтыг удирдлагын оролцоотойгоор тодорхойлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
  4. Батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилийн эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, арга хэмжээг зохион байгуулах;
  5. Байгууллагын удирдлага, хэмнэлтийн баг болон инженер техникийн ажилтнуудад эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжилтийг хангахад зөвлөмж, чиглэл өгөх;
  6. Байгууллагын нийт ажилтнуудад эрчим хүчийг зохистой хэрэглэх, хэмнэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;
  7. Байгууллагын эрчим хүчний зохистой хэрэглээ, хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  8. Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ЭСКО байгууллагатай хамтран ажиллах тохиолдолд үр дүнг бүртгэх, баримтжуулах;
  9. Эрчим хүчний тухай хууль болон эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах;
  10. Байгууллагын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах.