Мэдээ, мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ТАЙЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2022 оны 06 сарын 24

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах, таниулах ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг хэрэгжүүлж жилийн урсгал зардлаа бодитоор хэмнэсэн эрчим хүчний хэмнэлттэй жишиг сургууль бий болгохоор Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран нийслэлийн 9 дүүргээс 16 ерөнхий боловсролын сургуулийг сонгон гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Жишиг сургууль болохоор сонгогдсон СБД-ийн 4-р сургууль, ЧД-ийн 17, 24, 39-р сургууль, БГД-ийн 40, 73, Оюуны ундраа цогцолбор сургууль, СХД-ийн 143, Хөгжил, Ирээдүй, Өнөр цогцолбор сургууль, БЗД-ийн 30, 33, 48, 92-р сургууль, ХУД-ийн 34-р сургуулиуд эрчим хүч хэмнэлтийн баг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус боловсруулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд Эрчим  хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газраас гарын авлага, зөвлөмж мэдээлэл, сургалт, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, эрчим хүчний бодит хэмнэлтийг бий болгох талаар тодорхой чиглэл өгөн хэмнэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байгаа билээ.  

Эрчим хүчний зохицуулах хорооноос төлөвлөгөөний дагуу СБД-ийн 4-р сургууль, ЧД-ийн 17-р сургууль, БГД-ийн 40, 73-р сургууль, СХД-ийн 143, Хөгжил, Ирээдүй, Өнөр цогцолбор сургууль, БЗД-ийн 33-р сургуулиудын эрчим хүчний хэрэглээнд нэр бүхий аудиторуудаар аудит хийлгэсэн бөгөөд аудитын тайланг сургуулийн удирдлага, ажилтнуудад танилцуулах, хүлээлгэн өгөх ажлыг 2022 оны 6 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эрчим хүчний аудит хийлгэснээр сургуулиуд анги танхимын дотор агаарын чанар нүүрсхүчлийн хийн ялгаралт,  чийгшил, тоосонцор, цахилгаан, дулааны эрчим хүчний алдагдал ямар түвшинд байна, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхойлсон эрх бүхий аудиторуудын зөвлөмж, тайлантай болж цаашдын эрчим хүч хэмнэх үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөрт хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн аудитын зөвлөмж, тайланг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос аудит хийлгэсэн 10 сургуульд барилгын эрчим хүчний гэрчилгээ олгоно.