Мэдээ, мэдээлэл

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Эрчим хүчний үр ашгийн шалгуур үзүүлэлт, эрчимжилтийг тодорхойлох аргачлал болон Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын тоо хэмжээг тодорхойлох аргачлалыг тус тус боловсрууллаа

2021 оны 09 сарын 20

Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарал багатай, байгалийн нөөцийн үр ашигтай үйлдвэрлэл хэрэглээг хөгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлж байна.

Дээрх бодлого чиглэлтэй уялдуулан Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдаж эрчим хүч хэмнэлтийн талаарх эрх зүйн орчин бүрдэж эрчим хүчний хэрэглээний голлох салбаруудад цахилгаан дулааны эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх зарчмыг тодорхойлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү Монгол улсын урт, дунд хугацааны бодлогод тусгагдсан стратегийн зорилго, зорилт, хуулийн хэрэгжилтийг хангах, үр дүнг тооцоход эдийн засгийн үйл ажиллагааны гол салбар бүрээр эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлтийг тодорхойлох, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцох, эрчим хүчний үр ашгийн тайлан, статистик мэдээллийг олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн боловсруулах тогтолцоог бүрдүүлэхээр “Эрчим хүчний үр ашгийн шалгуур үзүүлэлт ба эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлох аргачлал” болон “Монгол улсын эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын тоо хэмжээг түвшин бүрд тодорхойлох аргазүй”-г олон улсад ашигладаг аргачлалын [1]дагуу үндэсний онцлогт тохируулан боловсруулаад байна.

“Эрчим хүчний үр ашгийн шалгуур үзүүлэлт ба эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлох аргачлал” судалгааны үр дүнгээс

“Эрчим хүчний үр ашгийн шалгуур үзүүлэлт ба эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлох аргачлал” судалгааны ажлаар Монгол улс эрчим хүчний үр ашгийн тайлан, статистик мэдээллийг олон улсад ашигладаг загварын дагуу гаргах асуудал нь эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хөтөлбөр, түүний хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх, бусад улс оронтой өөрийн орны хүрсэн үр дүнг харьцуулах, судалгаа, шинжилгээнд тулгуурласан дараа дараагийн бодлогыг тодорхойлох, эрчим хүчний хэрэгцээний ирээдүйн таамнал боловсруулах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай бөгөөд судалгаагаар макро эдийн засгийн түвшинд болон эдийн засгийн үйл ажиллагааны гол салбар, дэд салбар бүрээр эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлт, эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлон харуулдгаараа чухал юм.

Монгол Улсын ДНБ 2010 онд 9.75 их наяд төгрөг байсан бол 2019 оны гүйцэтгэлээр 37.28 их наяд төгрөгт хүрч даруй 3.8 дахин нэмэгдсэн байна. Энэ нь жилд дунджаар 10-15 хувийн өсөлтийг үзүүлсэн дүн гарч байна. Нийгэм, эдийн засгийн энэ өсөлтийг дагаж эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ 5-7 хувийн өсөлтийг тогтмол үзүүлжээ.

Макро эдийн засгийн түвшний цахилгаан эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтийг тооцож График 1-д харуулав.

 График‑1 ДНБ-д ногдох цахилгаан эрчим хүчний эрчимжилт

2010 оныг суурь он буюу 100 хувьтай тэнцүү авч индексжүүлэн, сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг Монгол улсын ДНБ /2010 оны зэрэгцүүлсэн үнээр/-ийг цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнд харьцуулан авч үзвэл 1.6 хувийн бууралт гарсан нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр ашиг сайжирсан юу хэмнэлт гаргасан үр дүнг үзүүлжээ.

Аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт

Аж үйлдвэрийн салбар нь уул уурхай, газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, усан хангамжийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, нэхмэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа буюу дэд салбаруудаас бүрддэг ба 2010 онд 3.2 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 33 хувийг бүрдүүлж байсан бол 2019 оны байдлаар 14.1 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 38 хувийг эзэлж байна.

График -2 Аж үйлдвэрийн салбарын цахилгаан эрчим хүчний эрчимжилт

График 2-т харуулснаар аж үйлдвэрийн салбарт харьяалагдах цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2019 оны гүйцэтгэлээр 3.8 тэрбум кВт.ц-т хүрсэн нь нийт эцсийн хэрэглээний 55 хувийг эзэлж байна. Харин аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг /2010 оны зэрэгцүүлсэн үнээр/-т ногдох цахилгаан эрчим хүчний эрчимжилт нь 2010 онтой харьцуулахад 26 хувийн өсөлтийг үзүүлжээ.

Үйлчилгээний салбарын эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт

Үйлчилгээний салбарын эрчим хүчний үр ашгийн эрчимжилтийг тооцохдоо айл өрх, орон сууцны салбартай адил нэгж талбай дах эрчим хүчний (халаалтын, хөргөлтийн, хэрэгцээний халуун усны, гэрэлтүүлгийн) зарцуулалтаар тодорхойлох нь илүү чухал, ач холбогдолтой юм. Үндсэндээ нэгж талбай дах халаалтын эрчим хүчний зарцуулалтын үзүүлэлтээр салбарын эрчим хүчний үр ашгийг тодорхойлох .

Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн санд 2020 оны байдлаар 200 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагийн 159 мянга нь үйлчилгээний салбарт хамаарч байна. Үүнээс 75 мянган хуулийн этгээд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн үйлчилгээний салбар 2019 оны дүнгээр ДНБ-д 14.8 их наяд төгрөг буюу 40 хувийг бүрдүүлжээ.

График‑3 Үйлчилгээний салбарын цахилгаан эрчим хүчний эрчимжилт

График-3-д үзүүлснээр үйлчилгээний салбар сүүлийн 10 жилийн хугацаанд нийт цахилгаан эрчим хүчний 20-30 хувийг хэрэглэж, 2010 онтой харьцуулбал үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг /2010 оны зэрэгцүүлсэн үнээр/-т ногдох эрчим хүчний үр ашиг 8 хувиар сайжирсан үр дүнг үзүүлжээ. Мөн Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 оныг суурь он болгон цахилгаан эрчим хүчний эрчимжилтийг тооцож үзвэл 10 хувиар хэрэглээний үр ашиг сайжирсан, өөрөөр хэлбэл үйлчилгээний салбарын эрчим хүчний хэмнэлт 10 хувьд хүрсэн байна.

Орон сууцны салбарын эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт

Орон сууцны салбарын эрчим хүчний хэрэглээ нь тухайн сууцад амьдрах иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангах үйл ажиллагаа /дулаан тав тухтай байлгах халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг, хоол хийх гэх мэт/-тай холбоотой эрчим хүчний хэрэглээ байдаг. Сууц гэдэг тодорхойлолтод том хотын төв дэх олон давхар тансаг орон сууцаас эхлээд хөдөө нутагт байх жижиг гэр хүртэлх өргөн хүрээг хамруулж ойлгоно. Монгол улсын хүн ам гэдэгт Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршин суугаа Монгол улсын харьяат хүн амыг хамруулан жил бүр Үндэсний статистикийн хорооноос тайлан гаргадаг. 2019 оны дүнгээр хүн амын тоо 3,296,866 хүрсэн бол сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам дунджаар 2.2 хувийн өсөлтийг үзүүлжээ.

 График -4 Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний эрчимжилт

Дээрх графикаас харахад нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэмжээ 2010 онтой харьцуулахад 1.6 дахин өсөж, 2019 оны байдлаар 2644.6 кВт.ц цахилгаан эрчим хүч нэг хүнд ногдож байна. Мөн нэг хүнд ДНБ-ийн өсөлт нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний өсөлтийн хэмжээтэй ижил байна.

Айл өрхийн эрчим хүчний хэрэглээний тухайд нарийвчлан авч үзвэл, Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд Монгол улсын өрх 2020 онд 908712 байна гэжээ. Харин цахилгаан эрчим хүчээр хангагдах гэрээт 679768 өрх, төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон гэрээт 344426 өрх байна[2]. Айл өрхөд борлуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ нь нийт борлуулсан эрчим хүчний 24 хувийг эзэлж байна.

График-5 Нэг өрхөд ногдох цахилгаан эрчим хүчний эрчимжилт

График 5-д харуулснаар 2010 онтой харьцуулахад эцсийн хэрэглээний үр ашиг 2019 онд 22 хувиар өссөн байна.

 “Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын тоо хэмжээг түвшин бүрд тодорхойлох аргазүй”-н судалгааны үр дүнгээс

“Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын тоо хэмжээг түвшин бүрд тодорхойлох аргазүй” судалгааны ажлаар эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч байгаа хүлэмжийн хийг тооцох үндэсний онцлогт тохирсон аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахдаа цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн ялгарлын коэффициентуудын утгыг эрчим хүчний эх үүсвэр, хэрэглэж буй түлшний төрөл, шинж чанартай уялдуулан тооцож цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлын коэффициентыг Төвийн эрчим хүчний системийн хувьд 0.75 кгСО2/кВт.ц, Дорнод бүсийн эрчим хүчний системийн хувьд 1.72 кгСО2/кВт.ц, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлын коэффициентыг Улаанбаатар хотод 87 кгСО2/ГДж, Дархан, Эрдэнэт хотуудад 126.7 кгСО2/ГДж, Чойбалсан хотод 96.2 кгСО2/ГДж мөн бусад аймгийн төв, сум суурин газарт дулааны эх үүсвэрийн хувьд ч түлшний төрлөөс хамааруулан тус тусад нь тогтоосон.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс энэхүү судалгаагаар гаргаж ирсэн хоёр аргачлалыг үндэслэн хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний үр ашгийн тайлан, статистик мэдээллийг олон улсын аргачлалын дагуу гаргаж, тэгш, хүртээмжтэй хэрэглэх нөхцөлийг хангахаар ажиллаж байна.

 

[1]Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (УАӨЗГМХ буюу IPCC - Intergovernmental Panel on Climate Change) боловсруулсан ерөнхий аргачлал (IPCC Guidelines for National Greenhouse Gas Inventories) 

[2] Эрчим хүчний статистик үзүүлэлт 2020, ЭХЗХ