Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2019 оны 04 сарын 08

Эрчим хүчний зохицуулах хороо нь олон улсын туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй холбоотой норм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эско бизнесийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг нээх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дэмжсэн жишиг төслүүдийг хэрэгжүүлэх, өмнө эхлүүлсэн хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ түвшинд гаргах чиглэлээр ЭХЗХ-ны зохицуулагч Э.Түвшинчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 15-20-ны хооронд БНХАУ-ын Бээжин, Нанжин хотноо томилолтоор ажиллалаа.

Энэхүү ажлыг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч У.Мягмарсүрэн, Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Роман Брилле, эрчим хүчний хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Цолмон, УБЦТС ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Р.Дагдан, "Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн зөвлөх П.Товуудорж нарын хүмүүс оролцлоо.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Албан томилолтын хүрээнд Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон БНХАУ-ын Үндэсний стандартын байгууллага хооронд хоёр улсын эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх, холбогдох норм стандартыг боловсронгуй болгоход харилцан мэдээлэл, туршлага солилцох, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг тооцоолох олон улсын стандарт, аргачлалыг нэвтрүүлэх, хамтарсан туршилтын лаборатори байгуулах зэрэг үндсэн чиглэлийг тусгасан хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороог төлөөлж зохицуулагч Э.Түвшинчулуун, БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнг төлөөлж тус хүрээлэнгийн захирал Лю Хонг Шен нар гарын үсэг зурсан бөгөөд хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар хоёр тал цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах боломж гарцыг нээсэн чухал алхам болсныг дурдаад, боломжтой бүх талаар хамтран ажиллах, хамтын ажиллагааг улам бэхжүүлж ажиллахаа талууд санал нэгтэй илэрхийлж байлаа.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа зохицуулагч Э.Түвшинчулуун хэлсэн үгэндээ бид анхны албан уулзалт хийж талууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож байсан бол өнөөдөр бидний хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч дахин уулзаж байгаад баяртай байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос томилогдсон ажлын хэсэг өмнө нь БНХАУ-ын хөгжил, шинэтгэлийн хороо, Бүх Хятадын үндэсний стандартын хүрээлэн, Эрчим хүч хэмнэлтийн агентлаг, Эрчим хүчний хэмнэлтийн холбооны ЭСКО-ын хороо зэрэг эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцож зөвшилцөлд хүрсэн. Өнөөдөр 2 талын идэвхтэй хүчин чармайлт, хамтын ажиллагаа үр дүнгээ өгч бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол улсын хувьд эрчим хүчний тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслийн ихэнх хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Иймд хил гаалиар оруулж байгаа цахилгаан бараа, бүтээгдэхүүнийг шошгожуулах, энэ чиглэлийн туршилтын хамтарсан лабораторийг бий болгох болон түүнд холбогдох стандартуудыг нийцүүлэх, нутагшуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх нь бидний нэн даруй хийх ёстой ажлын нэг юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Монгол Улсын Эрчим хүчний хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг Улсын хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй байгууллагын хувьд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ бүгдийг хийж гүйцэтгэхэд та бүхний туршлагаас суралцах, хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгааг дурдаад биднийг найрсаг, дотно хүлээн авч уулзаж буй БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнгийн захирал ноён Лю Хонг Шен болон танай байгууллагын удирдлага, төлөөлөлд болон санамж бичиг байгуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, биднийг дэмжин ажиллаж байгаа Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч ноён Роман Брие болон тус байгууллагын холбогдох албаны хүмүүс, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөлд талархаж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна гэсэн юм.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний стандартын хүрээлэнгийн захирал Лю Хонг Шен болон намын хорооны орлогч Нарийн бичгийн дарга Дуань Лен нар үг хэлсэн юм. Хүрээлэнгийн захирал Лю Хонг Шен хэлсэн үгэндээ эрчим хүчний хэмнэлтийн стандарт, шошгожуулахад бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хагас жилийн хугацаанд хоёр байгууллагын холбогдох мэргэжилтэн, удирдлагын түвшинд ойлголцож хамтран ажиллассаны үр дүнд санамж бичигт гарын үсэг зурах хэмжээнд ирснийг онцлон хэлэхэд таатай байна хэмээгээд Хятад улс нь дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний чанар, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн стандартууд өндөр түвшинд хүрсэн бөгөөд Монгол улсад хэрэгжилтийн механизмыг хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байлаа. Талууд цаашид 2 байгууллагын үндсэн чиг үүрэг, санамж бичгийн хүрээнд харилцаагаа улам бэхжүүлэх, бүхий л талаар хамтран ажиллах, ойлголцох асуудлаар нээлттэй уулзаж байх асуудлыг дэвшүүлсэн юм.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Энэ удаагийн ажлын айлчлалаар хөндсөн бас нэгэн чухал асуудал бол БНХАУ-ын Эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ, үйл ажиллагаатай танилцах, энэ чиглэлээр туршлага судлах Эрчим хүчний хэмнэлтийн ЭСКО механизмыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс болон БНХАУ-ын ЭСКО компаниудын хамтын ажиллагааны эхний хэлэлцүүлгийг зохион байгуулах уулзалтууд байсан.

 

БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 

БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын томоохон үйлдвэрлэгч, инноваци нэвтрүүлэгч "WISCOM” групп, "CHINA Electric equipment” групп, аморф трансформаторын үйлдвэр, мөн реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "NR Electronic” групп, Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Beijing EPOO” зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтуудыг хийсэн юм.

Ажлын үр дүнд БНХАУ-ын томоохон ЭСКО компани болох "Beijing EPOO” ХХК болон "Грийн Энержи интернэйшнл” компаниуд Монгол улсад эрчим хүчний хэмнэлтийн анхны ЭСКО төслийг хамтран хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, ЭСКО төслийн гэрээ хэлэлцээр, эрх зүйн зохицуулалттай холбоотой туршлага судлах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

 

БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Дээрх чиглэлээр Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд олон улсын байгууллагын техникийн туслалцаа, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэн эрчим хүчний жишиг аудит хийлгэсэн үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд хэмнэлтийн загвар төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах, БНХАУ-ын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтооход хамтарч ажиллахаар хэлэлцэж тохирлоо.

 БНХАУ-ын Үндэсний стандартын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Дашрамд дурдахад Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд олон улсын туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэх, хамтарсан судалгаа, жишиг төслүүдийг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дэмжсэн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгсөөр байгаа билээ. Мөн энэ оны 11 сард Эрчим хүчний зохицуулах хороо нь БНХАУ-ын Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага болох Хятадын Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар харилцан мэдээлэл солилцож, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.