Мэдээ, мэдээлэл

“Эх дэлхийн цаг-2021” 3 дугаар сарын 27-нд болно

2021 оны 03 сарын 28

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш жил бүр хэрэгжүүлж  ирсэн.

“Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагийн 20.30-21.30 цагийн хооронд нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.

Анх Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн "Эх дэлхийн цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2018 онд дэлхийн 188 орны 5251 хотын 3 тэрбум 600 сая хүнийг хамруулж чаджээ. Дэлхийн алдартай газрууд болох Сан-Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Монгол  Улс энэхүү хөтөлбөрт 2010 онд албан ёсоор нэгдэн, Улаанбаатар хотноо “Эх дэлхийн цаг”-ийг анх удаа амжилттай зохион байгуулж нийт 4000 орчим хүнийг оролцуулсон. Жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо энэхүү арга хэмжээг 2016 оноос хойш хамтран зохион байгуулж байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан бөгөөд хэрвээ дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ. Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хий, модыг эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна. Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарч олон сая ан амьтан амьдрах боломжгүй болох юм. 

Дэлхийн 180 гаруй улсад жил бүр нэгэн зэрэг тэмдэглэгддэг, байгаль орчны төлөөх хамгийн том хөдөлгөөн болсон “Эх дэлхийн цаг 2021”-т 3 дугаар сарын 27-нд тохиож байна. Иймд 20:30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраан, цэнхэр гарагийнхаа төлөө нэгдэцгээе!