Мэдээ, мэдээлэл

“Дулааны тоолуурын талаарх ерөнхий ойлголт" сургалт амжилттай боллоо

2020 оны 12 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай" 2020 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайдын 2020 оны 111 дүгээр тушаалаар баталсан төлөвлөгөөний 1.2 дахь хэсгийг үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд дулааны тоолуурын ерөнхий ойлголт, суурилуулах, ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг  2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа. 

Хорооны дарга хөтөлбөрийн дагуу сургалтыг нээж, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, дулааны эрчим хүчийг хэмжүүрээр тооцоолох ач холбогдлын талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн  илтгэгч багш нар дулааны тоолуурын талаарх үндсэн ойлголт, Монгол Улсад ашиглаж буй дулааны тоолуур, түүнд тавигдах шаардлага, стандартын талаар, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас дулааны тоолуурыг худалдан авах, тендер шалгаруулалтын талаар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас дулааны тоолуурыг суурилуулах, ашиглах үеийн анхаарах асуудлуудын талаар тус тус дэлгэрэнгүй танилцуулсан.

Илтгэгч багш нар танилцуулга хийсний дараагаар сургалтад оролцогчид нээлттэй асуулт асууж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дулааны тоолуурыг худалдан борлуулж буй Икон, Ультрасоник болон Сонометр компаниуд уригдан оролцож, өөрсдийн борлуулж буй дулааны тоолуурын ангилал, тэдгээрийн онцлогийн талаар товч танилцуулга хийж, танилцуулга материал түгээж, дулааны тоолуурыг бодитоор үзүүлж тайлбарласан юм.