Хууль, эрх зүй

Эрчим хүчний аудит хийх журам

2019 оны 05 сарын 28

Засгийн газрын 2019 оны 181 дүгээр
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх талаар зөвлөмж өгөх хараат бус эрчим хүчний аудит (цаашид “аудит” гэх)-ын үйл ажиллагаа, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг удирдлага болгоно.

1.3. Магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллага (цаашид “аудитын байгууллага” гэх) болон эрх бүхий аудитор (цаашид “аудитор” гэх) аудитын үйл ажиллагаа явуулна.

1.4. Аудит хийх үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, заавар, маягтыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

1.5. Аудитын үйл ажиллагаанд хууль дээдлэх, хараат бус, ёс зүйтэй байх, болон үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зарчмыг баримтална.

Хоёр. Аудитын гэрээ

2.1. Үйлчлүүлэгч болон аудитын байгууллага, аудиторын хооронд байгуулах аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний загварыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батлах бөгөөд аудитын гэрээг бичгээр байгуулна.

2.2. Гэрээнд талуудын эрх,  үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, тооцооны аргачлал, хэмжилтийн багаж хэрэгсэл, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох болон бусад шаардлагатай асуудлыг тусгана.

2.3. Энэ журмын 2.1-д заасан гэрээний загварт тусгаагүй бусад асуудлыг талууд гэрээ байгуулахдаа холбогдох хуульд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр тусгаж болно.

2.4. Гэрээний хэрэгжилттэй холбогдох аливаа асуудлыг талууд тухай бүр авч хэлэлцэх ба гэрээний хэрэгжилтийг талууд хамтран дүгнэсэн байна.

2.5. Үүрэг хүлээсэн хэрэглэгч болон аудитын байгууллага, аудиторын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтэд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хяналт тавьж, гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ.

Гурав. Аудитын төрөл

3.1. Аудит нь дараахь гурван төрөлтэй байна:

       3.1.1. анхан шатны аудит;

       3.1.2. хэсэгчилсэн аудит;

       3.1.3. дэлгэрэнгүй аудит;

3.2. Анхан шатны аудит нь үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээний бэлэн байгаа, хялбар авч болох өгөгдөлд суурилах бөгөөд эрчим хүчний хэрэглээ, эрчим хүч хэмнэх нөөц боломж, шууд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, нарийвчилсан хэмжилт, судалгаа хийх хэрэгцээ шаардлага, ажлын цар хүрээг тогтоох үйл ажиллагаа байна.

3.3. Хэсэгчилсэн аудит нь анхан шатны аудитын дүгнэлтэд үндэслэх бөгөөд технологийн болон бусад үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг сонгосон тодорхой хэсгийн эрчим хүчний урсгал, тэнцэл, хэрэглээний нарийвчилсан судалгаа, өртөг, зардлын шинжилгээг хийж, хөрөнгө оруулалт, үр ашгийг тооцох үйл ажиллагаа байна.

3.4. Дэлгэрэнгүй аудит нь эрчим хүч хэрэглэдэг бүх тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, барилга байгууламжийг хамруулан эрчим хүчний нарийвчилсан судалгаа хийж хэмнэлт, өртгийн тооцоолол бүхий үнэлгээ хийх үйл ажиллагаа байна.

3.5. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8-д заасан үүрэг хүлээсэн хэрэглэгч нь энэ журмын 3.1-д заасан аудитыг заавал хийлгэнэ.

Дөрөв. Аудитын үйл ажиллагаа

4.1. Аудитын байгууллага, аудитор тухайн үйлчлүүлэгчтэй хамтран аудит хийх төлөвлөгөө боловсруулах бөгөөд төлөвлөгөө нь аудитын гэрээний хавсралт байна.

4.2. Аудитын үйл ажиллагаа нь дор дурдсан дараалалтай байна:

4.2.1. ажлын байранд үзлэг хийх, үйлчлүүлэгчээс тайлбар, тодруулга авах, ярилцах, ажлын зохион байгуулалтыг төлөвлөх, танилцуулах, үйл ажиллагааг ажиглах, өгөгдөл мэдээлэл цуглуулах, хэмжилт, туршилт, судалгаа, дүн шинжилгээ хийх;

4.2.2. өгөгдөл мэдээллийг боловсруулах, эрчим хүчний хэрэгцээ болон бодит хэрэглээний тэнцэлд шинжилгээ хийх;

4.2.3. эрчим хүчний хэрэглээ нь холбогдох норм, стандарт, харьцуулалтад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;

4.2.4. эрчим хүч хэмнэх нөөц боломж, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг тооцох;

4.2.5. аудитын дүгнэлт гаргах, аудитын үйл ажиллагааны тайлан боловсруулах;

4.2.6. эрчим хүч хэмнэх талаар зөвлөмж гаргах;

4.2.7. эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулах, баталгаажуулах, үйлчлүүлэгчид аудитын тайлан, дүгнэлтийг тайлагнах, зөвлөмжийн хамт хүлээлгэж өгөх.

4.3. Энэ журмын 4.2.7-д заасан төлөвлөгөө нь техник, санхүү, эдийн засгийн хувьд хэрэгжихүйц, үр ашигтай арга хэмжээнүүдийг агуулсан байх ба төлөвлөгөөг үйлчлүүлэгч байгууллагын дарга, захирал, эрчим хүч хэмнэлтийн менежер, эрчим хүчний аудиторууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.4. Аудитын тайланд аудит хийхэд ашигласан судалгаа болон холбогдох нотолгооны материалыг хавсаргана.

Тав. Аудитын үйл ажиллагаанд оролцогч
          талуудын эрх, үүрэг

5.1. Үйлчлүүлэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1. аудитын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах;

5.1.2. аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар тайлбар өгөхийг шаардах, санал, хүсэлт гаргах;

5.1.3. энэ журмын 4.3-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.4. аудитын үйл ажиллагаатай холбоотой үнэн, зөв тайлбар, тодруулга, өгөгдөл мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх;

5.1.5. аудиторт өөрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдох дотоод дүрэм, журмыг танилцуулах, мөрдүүлэх;

5.1.6. аудитын байгууллага болон аудитороос аудит хийх  явцад танилцсан, цуглуулсан аливаа баримт бичиг, мэдээллийг зөвхөн аудитын үйл ажиллагаанд ашиглах, нууцлалыг хадгалахыг шаардах;

5.1.7. аудитын үйлчилгээний чанар, мэргэшлийн түвшин, ур чадварын талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцох;

5.2. Аудитын байгууллага, аудитор Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 13.3, 13.4-т зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. үйлчлүүлэгчийн техник, тоног төхөөрөмж, технологи, барилга байгууламжийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах;

5.2.2. үйлчлүүлэгчийн холбогдох ажилтнаас аудитын үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв тайлбар, тодруулга, өгөгдөл мэдээлэл, баримт гаргуулж авах;

5.2.3. аудитын явцад үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдох дотоод дүрэм, журмыг мөрдөх;

5.2.4. аудитын явцад танилцсан, цуглуулсан аливаа баримт бичиг, мэдээллийг зөвхөн аудитын үйл ажиллагаанд ашиглах, нууцлалыг хадгалах;

5.2.5. аудитын үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцүүлэн баримт нотолгоонд үндэслэн гаргах;

5.2.6. аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр тайлбар өгөх, санал, хүсэлтийг хүлээн авч зөвшилцөх;

5.2.7. гүйцэтгэсэн аудитын мэдээг тухай бүр батлагдсан загварын дагуу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлэх;

5.2.8. аудитын эрх, магадлан итгэмжлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор тайлагнах.

Зургаа. Бусад

6.1. Аудитын байгууллага болон аудиторын хууль бус үйл ажиллагаа, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой үйлчлүүлэгчээс гаргасан гомдол, хүсэлтийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.

6.2. Энэ журмын 6.1-д заасан Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг талууд эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргаж болно.

------o0o------